БАЯН-ӨЛГИЙ: Агаарын бохирдол нэмэгдсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод сүүлийн жилүүдэд утаа, агаарын бохирдол Улаанбаатар хотын түвшинд очих хэмжээгээр нэмэгдсээр байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөх, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэх тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Өлгий хотод 2024 оны хүн амын тооллогоор нийт 9824 өрхийн
41,664 хүн оршин суудаг бөгөөд байшинд 9658 өрх, гэрт 166 өрх амьдарч байна.
Агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын
20-ны өдрийн 226 дугаар тогтоол гарч
нийслэлийн хэмжээнд 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд өндөржүүлсэн
бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн тодорхой арга хэмжээнүүд авч
эхэлсэн бол энэхүү тогтоолын хэрэгжилтийг орон нутагтаа ханган ажиллах
зорилгоор аймгийн Засаг даргын 2025 оны А/02 дугаар захирамжаар “Агаарын бохирдлыг
бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” ажлын баг байгуулж, аймгийн Засаг даргын зөвлөх А.Жанботагаар ахлуулан ажиллуулж байна.
Ажлын баг орон нутгийн агаарын бохирдлын
өнөөгийн төлөв байдал, бохирдлыг бууруулах арга зам, шийдлүүдийн талаар
мэдээлэл судалгаа бэлтгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байгаа юм.
Цаашид агаарын бохирдлыг бууруулах
талаар эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гаргаж, дорвитой арга хэмжээ
авахгүй бол нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.