ӨМНӨГОВЬ: "Оюу толгой" компанид ажиллах үндсэн ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан ажлын баг “Оюу толгой” ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж, үр дүнг нэмэгдүүлэхээр энэ сарын 21-нд уулзалт хийлээ.
Уулзалтаар
орон нутгийн удирдлагууд хөдөлмөрийн насны ажилгүй байгаа иргэдийг ажлын байранд олноор зуучлах, ажлын
байрыг нэмэгдүүлэх чиглэлээр нарийн төлөвлөгөө гаргаж хяналт тавих, орон
нутгаас ажиллаж байгаа үндсэн ажилтны тоог нэмэгдүүлэх, ”Оюу толгой” ХХК-ийн
туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзалт хийж, хүний нөөцийн
чиглэлээр санал солилцож ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил хайгч иргэдийн ур
чадварыг сайжруулж, мэргэшүүлэх сургалтуудад идэвхтэй хамруулах, ажлын байрны
нээлттэй өдөрлөгүүдийг нэмэгдүүлэх зэрэг санал гарган төлөвлөгөөнд тусгаж, хамтран
ажиллах саналаа илэрхийллээ.
Харин
“Оюу толгой” ХХК-иас эрэлттэй байгаа ажлын байранд ажил хайгчдыг илүү ихээр
мэргэшүүлж авах, орон нутгаас шинээр инженерээр бэлтгэгдэн гарч байгаа
оюутнуудыг үндсэн ажилтнаар сонгон шалгаруулж авах боломжууд нэмэгдэж байгааг онцлон
хэллээ.
Цаашлаад
Өмнөговь аймгийн удирдлагаас гаргаж буй саналуудыг ажлын төлөвлөгөөндөө тусгаж
хамтран ажиллахаа илэрхийлжээ.