ЗАВХАН: Тамирчид -50°C хүйтэнд гүйлтээ амжилттай дуусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 26
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон суманд хэт хүйтний 65 км гүйлтийн Гиннесийн рекорд тогтоох зорилготой урьдчилсан сорилт амжилттай болжээ.
Хэт хүйтний гүйлт 1-р сарын 23-ны 00:00 цагт эхэлж, 1-р сарын 24-ний үүрээр дууссан. Ингээд 24-ний шөнө цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас 15 км гүйж гүйлтээ зогсоосон тамирчид 25-ны шөнөөс гүйлтээ үргэлжлүүлэн дуусгалаа.
Энэхүү гүйлт нь Гиннесийн рекорд тогтоох зорилготой урьдчилсан сорилт юм. Монгол улсын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Отгон суманд -50°C хүйтэнд болсон уг сорилтод гурван тамирчин оролцсон юм.
Гүйлтийг хэт холын зайн гүйгч, хэт хүйтний гүйгч, уулын жимийн гүйгч, мөстэй усанд сэлэгч, усчин аврагч Р.Эрдэнэ-Оргил тэргүүлэн хэт холын гүйлтийн мастер Ж.Батчимэг болон гүйгч Б.Саруулмаа нар хамтран амжилттай дуусгалаа.
Тамирчин Р.Эрдэнэ-Оргил 65 км, Ж.Батчимэг 60 км, Б.Саруулмаа 58 км замыг амжилттай туулжээ.
Энэхүү гүйлт нь
тамирчдын тэсвэр хатуужил, бэлтгэлийг сорьсон төдийгүй дэлхийн рекорд тогтоох
үйл явдлын эхлэл болж байна гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын
газраас мэдээлэв.
Тамирчид гүйлтээ эхлэхийн өмнө
Тамирчид хэт хүйтний гүйлтээ амжилттай дуусгажээ