ЗАВХАН: Үүлдрийн малын үзмэрийг хүүхэд залуучууд ихэвчлэн сонирхдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-27 17:10:19

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн байгалийн танхимд буурал үүлдрийн ямаа, сартуул үүлдрийн хонины чихмэл бий.


Өнгөрсөн онд аймгийн музейг 10450 гаруй хүн үзсэний 90 хувь нь хүүхэд залуучууд байна. Эдгээр хүүхэд залуучууд аймгийн музейн байгалийн танхимыг ихэвчлэн үзэж сонирхдог.


Ялангуяа байгалийн танхимын ургамал, амьтдын талаарх үзмэрүүдийг үзэх дуртай байдаг. Үүний нэг нь буурал үүлдрийн ямаа, сартуул үүлдрийн хонины цогц чихмэл юм. Эдгээр чихмэлийг 45 жил шинэчлээгүй байж байгаад 2019 онд шинэчлэн дэглэсэн бөгөөд дахин нэг чихмэлээр баяжуулсан байдаг. Цогц үзмэрт нэмсэн чихмэл нь сартуул омгийн хонины төл малын чихмэл юм.


Үзмэрт тавигдсан сартуул омгийн хонь, буурал омгийн ямааг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумаас авч үзмэрт бэлтгэж байршуулсан байдаг. Үзмэрийг Монгол Улсын гавьяат мал зүйч Х.Лхаасүрэнгийн зөвлөгөөгөөр дэглэж, тайлбар сэлтийг нь бэлджээ.


Малын шилдэг үүлдэр, омог болсон эдгээр бүтээлийг дэглэж үзүүлснээрээ хүүхэд багачууд иргэдэд аймгийн мал аж ахуйн брэнд болсон малын үүлдэр угсааг таниулж, цогц мэдлэг мэдээллийг өгч байна.


2019 онд цогц үзмэрийг аймгийн музей, Хөдөө аж ахуйн газраас Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгээр дэглэсэн төдийгүй эрдэм шинжилгээ судалгааны томоохон ажил болсон гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.


Ташрамд, сартуул үүлдрийн хонины онцлог нь хангай, говь хосолсон уулархаг хээр зонхилсон бүс нутгийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон. Ноос махны ашиг шим жигд тэнцүүхэн хосолсон, бүдүүвтэр ноостойгоороо сартуул үүлдрийн хонь бусад хониноос ялгарах онцлогтой.



Буурал омгийн ямаа нь ноолуурын гарц өндөр, микроб нягтрал сайтай, сүүний гарц ихтэй байдаг

Related news