Халдварт бус өвчлөлийг бууруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2025-01-28 23:08:18

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Манай улсын хэмжээнд нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна.


Ингэхдээ гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр амиа алдаж байгаа юм. Тиймээс халдварын бус өвчлөлийг бууруулах ажлын улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлж байна.

Манай улсын хүн амын дунд зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин сүүлийн 20 жилд эрс нэмэгдэж байгаа аж. "ӨЭМТ-д нэн тэргүүнд зүрх судасны өвчлөлтэй хүмүүс олноор ханддаг. Иргэдийг зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэгт сайн хамруулж, сэргийлэх нь чухал. Өдөрт ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй 150 орчим хүний 70-80 хувь нь халдварт бус өвчний улмаас ханддаг” гэдгийг Хан-Уул дүүргийн “Амин тус” ӨЭМТ-ийн дарга С.Туул хэллээ.


ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, “Халдварт бус өвчин гэдэг бол урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл. Амьдралын хэв маяг, эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой үүсдэг. Тиймээс нас баралтын гол шалтгаан бол зүрхний шигдээс, тархинд цус харвах, хавдрын өвчлөл, осол гэмтлээс үүдэж байна” гэв.


Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Хуульд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтын тоог буурулах чиглэлээр тодорхой тусгасан нь чухал ач холбогдолтой гэдгйг салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм.


ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг хэлэхдээ, “ЭМЯ-наас Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тогтолцооны томоохон өөрчлөлтийг хийж байгаа. Эрүүл мэндийн сайд мөн онцгойлон анхаарч байгаа. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй  өрх, сум, тосгонд халдварт бус өвчнийг хариуцсан мэргэжилтэн бэлтгэх, нийгмийн эрүүл мэндийн ажилтны чадавхийг сайжруулах сургалт зохион байгуулж байна. Эхний шатанд нийгмийн эрүүл мэндийн сувилагч нарыг бэлтгэх ажил эхлээд байна. Нийгмийн эрүүл мнэдийн чиглэлийн ажилтан бэлтгэх ажлыг энэ ондоо үргэлжлүүлэн хийнэ” гэв.


Халдварт бус өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ өвчлөл 15-64 насныхны дунд буурахгүй байна гэж судалгаагаар гарчээ. Өвчлөлийг бууруулахын тулд ЭМЯ-наас ДЭМБ-ын Халдварт бус өвчин, зүрх судасны өвчлөлийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц болох “МОНПЭН загвар төсөл”-ийг 2019 оноос 14 аймаг, 3 дүүрэгт хэрэгжүүлжээ. Тус төслийн хүрээнд тархины харвалт болон нас баралтын тоо Дархан-Уул аймагт 2.5 дахин, СХД-т 1.4 дахин буурсан гэсэн судалгааны дүн гарчээ.


Related news