“ТЭЦ-4” ТӨХК-ийн ажилчид 240 хүнд амьдрал бэлэглэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “ТЭЦ-4” ТӨХК-ийн хамт олон “Цусаа хандивлая” аянд нэгдэж, 240 хүнд амьдрал бэлэглэлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв доноруудын бэлэглэсэн цусаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байна. Цусаа өгөх хүний тоо цөөн, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангалтгүй байгаа энэ үед Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Баянгол дүүргийн Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулсан "Цусаа хандивлая" аянд “ТЭЦ-4” компанийн 100 гаруй ажилтан албан хаагч ийнхүү оролцлоо.
Монгол Улс Цусны донорын тухай хуулийг 2000 онд баталж, ийм хуультай дэлхийн 30 дахь орон болжээ. Тус хуульд 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2017 онд шинэчлэн найруулжээ. Хуульд 35 ба түүнээс дээш тоогоор цусаа бэлэглэсэн иргэнийг “Хүндэт донор” цолоор шагнах заалт бий. Ийм цолтой донорыг улсын итгэмжлэгдсэн сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амраахаас гадна эрүүл мэндийн үзлэгийг улсын II, III эмнэлэгт очер дугаар харгалзахгүй, үнэ төлбөргүй хийлгэдэг. Цусаа 70-100 удаа бэлэглэвэл хүрэл, 150 удаа бол мөнгө, 150-аас дээш бол алтан донор гэж өргөмжилдөг. Улсын хэмжээнд цусны донор ойролцоогоор 100 мянга гаруй бүртгэлтэй байгаа бөгөөд мянга гаруй нь хүндэт донор цолтой. Хамгийн олон удаа цусаа хандивласан иргэн 220 удаа цусаа өгчээ. Цусаа өгөхөөр ирсэн ч гепатит B, C вирустэй, архаг хууч өвчтэй бол цусыг нь авах боломжгүй аж.