ЗАВХАН: Төрөлт буурсан хэдий ч хожуу жирэмслэлт их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн эрүүл мэндийн
байгууллагууд өнгөрсөн жил 792 жирэмсэн эхийг шинээр хяналтад авчээ.
Оны эхний нэгдүгээр сарын байдлаар нийт 160 гаруй жирэмсэн эх хяналтад байна. Жирэмсний хяналтад эрт орох нь олон талын ач тустай байдгийг зарим эх мэдэхгүй байна. Завхан аймагт жилд 600-700 эх төрдөг. Эдгээр төрж байгаа эхчүүдийн 30 гаруй хувь нь жирэмсний хяналтад эрт ороогүй байна.
Завхан аймаг "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг бодлогоор дэмжиж ажиллаж байна. 2024 онд орон нутгийн төсвөөс эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 43 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Мөн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахаар олон талын ажлыг хийж байна. Үүний нэг нь жирэмсэн эхчүүд болон нярай хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох ажил юм. Ялангуяа нярай хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаарх эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэх. Эхчүүдийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэх нөлөөллийн ажлыг эрчимтэй хийсэн байна.
Жирэмсний хяналтад орохын ач холбогдлын талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Сэр-Одоос тодруулав.
-Жирэмсний
хяналтад яагаад эрт орох ёстой вэ?
-Жирэмсний хяналтад яагаад эрт орох ёстой байдаг. Ургийг яагаад бүрэн хянах ёстой вэ гэдэг нь тухайн эмэгтэй жирэмсэн байх хугацаандаа, мөн төрөх үед болон төрсний дараа ямар хүндрэл үүсэх вэ, яаж төрөх вэ гэдэг олон асуудлыг шийдэхийн тулд, мөн бусад олон хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулд, жирэмслэлтийг хэвийн явуулахын тулд жирэмсний хяналтад эрт орох ёстой байдаг.
Гэтэл алслагдсан
баг, суманд амьдарч байгаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдээс гадна, туршлагатай
эхчүүд жирэмсэн болсноо мэдсэн ч хяналтад эрт ордоггүй асуудал байсаар байна. Ар
гэрийн нөхцөл байдал, ахуйн ажлаасаа болоод жирэмсний эхний гурван сардаа
хяналтад орж амжихгүй байсан тухайгаа эмч нарт хэлдэг. Уг нь жирэмсний хяналтад
эрт орчихвол ээжид болон урагт олон талын ач холбогдолтой юм.
Хэзээ хяналтад орох вэ гэвэл сарын тэмдэг ирэхгүй байх. Жирэмсний анхны шинж тэмдэг илрэх үед өөрийгөө жирэмсэн болжээ гэдгийг мэдэх үед харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж, хяналтад орох ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт өөрийнхөө жирэмсэн эсэхийг зөв оношлуулж, жирэмсэлсэн болон төрөх хугацаа зэрэг өөрт хэрэгтэй мэдээллүүдийг мэдэж авна.
Ингэснээр төрөх хүртэлх хугацаанд хэзээ, ямар давтамжтай үзлэгт хамрагдах вэ гэдгээ мэднэ. Хоёрдугаарт, жирэмсний хяналтад орсноор өөрийнхөө эрүүл мэндийн байдал, ерөнхий үзүүлэлтүүдээ мэдэж авна. Надад ямар нэгэн архаг хууч өвчин, эрхтэн тогтолцооны эмгэг байна уу. Жирэмсний тээлтийн хугацаанд надад ямар асуудал үүсэж болзошгүй вэ. Энэ хугацаанд үүсэж болзошгүй бусад эмгэгүүдээс яаж сэргийлэх вэ. Мөн яаж төрөх вэ. Төрсний дараа ямар асуудлууд үүсэх вэ гээд жирэмсэн ээж, шинэ амьдрал биедээ тээж байгаа хүн өөрт хэрэгтэй бүх мэдээллээ мэдэж авах боломжтой. Мөн хэт авиан шинжилгээг заавал хийлгэдэг.
-Эхо оношилгоо олон янз байдаг. Жишээлбэл, 2D, 3D гээд. Ялгаатай тал нь юу юм бол?
-Жирэмсний хяналтын хамгийн бодитой шинжилгээ бол хэт авиан шинжилгээ буюу бидний мэдэх эхо юм. Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжихийн хэрээр илүү боловсронгуй болсон. Өмнө нь бид 2D хэт авиан оношилгоог хэрэглэдэг байсан бол одоо 3D, 4D, 5D хүртэл оношилгооны чадамж сайжирч дэвшилтэт технологиуд хэрэглээнд нэвтэрсэн.
2D эхо нь хар цагаанаар, ургийн гажгийг 99.9 хувь оношлох боломжтой. 3D хэт авиан оношилгоо нь гурван хэмжээст буюу аль нэг дүрсийг бодитой юм шиг зургийг нь гаргаж ирдэг. Тухайлбал, хүүхдийн нүүрний хэлбэр, хамрын хэлбэр зэргийг тодорхой харах боломжтой.
3D нь тухайн үеийн зургийг л авдаг. Харин 4D нь хүүхдийг эхийн хэвлийд эвшээж байгаагаар нь, хөдөлж байгаагаар нь харж болдог. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнтэй зураг буюу ургийг хөдөлгөөнтэй, яг байгаагаар нь харах боломжийг энэ технологи олгодог. Тиймээс манай эрчүүд ургаа хянах боломжтой төдийгүй заавал хийх ёстой тусламж бол эхо байдаг.
-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэж ярьдаг. Эмэгтэйчүүдэд
хандаж юуг зөвлөх вэ?
-Сүүлийн үед хожуу жирэмслэлт их ирж байна. Насны хувьд, 35-40, түүнээс дээш насны жирэмслэлт их ирдэг болсон. Бид “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” гэж ярьдаг. Гэтэл биеэ бэлдээгүй, гэнэт жирэмсэн болсон ээж олон ирж байна. Эмгэг хууч өвчтэй, бөөрний үрэвсэл зэргээ эмчлүүлээгүй, даралт ихсэх эрсдэлтэй хүмүүс жирэмсэн болоод ирж байгаагаас үүдэн ураг тээх болон төрөх явцад хүндрэл их үүсэж байна. Мөн хэнэггүйгээс, ахуйн нөхцөл байдлаасаа болоод зарим эмэгтэй 2-3 сар жирэмсний хяналтдаа очиж үзүүлээгүй. Жирэмсний хожуу хордлого хүндэрсэн, бодисын солилцооны хямралтай, чихрийн шижинтэй, эрхтэн тогтолцооны эмгэг дээр суурилсан жирэмсний хүндрэл их үүсэж байна. Тиймээс жирэмсэн эхчүүд маань эрүүл мэндийнхээ мэдлэгийг сайжруулж, өөрөө өөрийнхөө биеийг маш сайн хянах, эрүүл ураг тээх боломжтой юм. Эрүүл мэндийн талаарх ойлголтоо нэмээрэй. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд өөрөө өөрийнхөө халамжлагч байж, тухайн харьяа эрүүл мэндийн төв, мэргэжлийн эмч нараас байнга зөвлөгөө мэдээлэл авч байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Танд баярлалаа.