OpenAI онлайн судалгаанд зориулсан функц гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИСАН-ФРАНЦИСКО, 2025 оны хоёрдугаар сарын 3 /new-science/. Онлайн судалгааны аргачлалд хувьсгал хийх зорилгоор “Deep Research” хэмээх шинэлэг хэрэгсэл гаргаснаа Америкийн “OpenAI” компани танилцууллаа.
Шинэ бүтээгдэхүүн нь интернэтээс мэдээлэл хайх, цуглуулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой нарийн төвөгтэй ажлуудыг автоматжуулах бөгөөд судлаач, сэтгүүлч, бизнесийн шинжээчдийн ажилд шаардагдах цаг хугацаа, нүсэр их ажиллагааг эрс багасгаж чадна гэж шинжээчид үзэж байна.
“Deep Research” нь орчин үеийн машин сургалтын алгоритмууд болон тухайн хэрэглэгчийн төрөлх хэлний загвар дээр суурилсан нэгдмэл хэрэгсэл юм. “OpenAI”-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, уг систем нь холбогдох мэдээллийн эх сурвалжуудыг бие даан тодорхойлох, тэдгээрээс гол мэдээллийг сонгон авах, түүгээр барахгүй дүн шинжилгээний урьдчилсан тайланг гаргах чадвартай ажээ. Эл хэрэгсэл нь судалгааны үйл явцыг хурдасгаад зогсохгүй их хэмжээний мэдээлэлд гүн гүнзгий дүн шинжилгээ хийснээр үнэн зөв дүгнэлт хийх боломжийг олгоно.
Ийм функц гаргасан нь өгөгдөлтэй ажиллах зориулалттай автоматжуулсан хэрэгслүүдийг хөгжүүлэх замд чухал алхам болно гэдгийг шинжээчид онцолж байна. "Энэ бол хиймэл оюуны хувьслын дараагийн алхам бөгөөд мэдээлэл цуглуулах үйл явцыг хялбар болгоод зогсохгүй илүү гүнзгий, үнэн зөв дүн шинжилгээ хийх боломжийг олгодог тул орчин үеийн ертөнц дэх мэдээллийн хэт ачаалалтай нөхцөлд онцгой ач холбогдолтой" гэж хиймэл оюуны салбар дахь тэргүүлэх шинжээчид үзэж байна.