Улсын хэмжээнд инфляц 9 хувьтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-03 16:25:48

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын байдлаар жилийн инфляц 9, Улаанбаатар хотынх 9.1 хувьтай гарчээ.


Улсын жилийн инфляцыг авч үзвэл 4.7 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 3.2 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлсэн байна.


Мөн, төлбөрийн тэнцэл 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 622 сая ам.долларын ашигтай гарчээ. Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр урсгал данс 2,373 сая ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 3,339 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээлэв.


Түүнчлэн, М2 мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны 12 дугаар сард 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 15.2 хувиар нэмэгджээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 16.2 нэгж хувийг дотоод цэвэр актив, -1.1 нэгж хувийг гадаад цэвэр актив бүрдүүлжээ.


Банкуудын нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн 12 дугаар сард өмнөх оныхоос 35.5 хувиар нэмэгдэж, 36.8 их наяд төгрөгт хүрсэн бол чанаргүй зээл дээрх сарын байдлаар 5.1 хувьтай байв. 

Related news