УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хангахад анхаарч ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-04 14:52:52

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар намрын чуулганы үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах үеэрээ тус хугацаанд байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч ажилласан гэлээ.


Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа, бусад Байнгын хороотой хамтарсан 3 хуралдаан зохион байгуулжээ. Нийт 29 асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл, УИХ-ын 5 тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн хориг 1, Байнгын хорооны 11 тогтоолын төслийг тус тус хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгүүд 10 удаа хуралдаж, 4 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.


Энэхүү чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцээс 2 дүгнэлт ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, “түр саатуулах” зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.


Тодруулбал, цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор иргэнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болох бөгөөд ингэхдээ иргэнийг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн хугацааг тооцох зохицуулалттай байсан. Үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж, цагдаагийн албан хаагч иргэнийг саатуулсан цагаас нь эхлэн түр саатуулах 6 цагийн хугацааг тооцохоор хуульчилсан гэв.


Мөн цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон хуулийн талаарх Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, УИХ-аар шийдвэр гаргуулсан аж. Үндсэн хуульд заасны дагуу иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг хангах эрхийг үүднээс холбогдох өөрчлөлтийг хуульд тусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.


 

 

 

Related news