Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-05 16:24:57

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дээд шүүхээс хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсноо олон нийтэд нээлттэй хэлбэрээр мэдээлэв.


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхаар заасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааныг албан ёсны веб сайтаар шууд дамжуулж эхэлсэн. Энэ хуульд заасны дагуу төрийн нууцад хамаарах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах гэх мэт хаалттай явуулах шүүх хуралдаанаас бусад бүх шүүх хуралдааныг нээлттэйгээр шууд дамжуулж байгаа юм. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 292 шүүх хуралдааныг шууд дамжуулжээ.


Шууд дамжуулалтыг үзэхийн тулд Дээд шүүхийн албан ёсны www.supremecourt.mn цахим хаягийн баруун дээд буланд байрлах “Шүүх хурлын шууд дамжуулалт” хэсэгт дарж, ДАН системээр нэвтрэх хэсэг харагдана. ДАН системд бүртгэлтэй бол регистрийн дугаар, нууц үгээ оруулан нэвтрэх товчлуурыг дарснаар шүүх хурлыг цахимаар үзэх боломжтой. Хэрэв ДАН системд бүртгэлгүй бол банкны эрх, эсвэл тоон гарын үсгийн аль нэгийг сонгон, шаардлагатай мэдээллүүдийг оруулсны дараа нэвтрэх товчлуурыг дарна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас 2025 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл ДАН системээр нийт 873 хүн хандаж, шүүх хуралдааныг үзсэн байна.


Тухайн шүүх хурал болсон өдрөөс хойш гурав хоногийн хугацаанд шүүх хуралдааны бичлэгийг тус сайтын “Архив” хэсгээс нөхөж үзэж болохоор зохицуулжээ. Харин 72 цаг өнгөрсний дараа нөхөж үзэхийн тулд тухайн хэргийн тогтоол албажиж гарснаас хойш “Архив” цэсээс шүүх хуралдааны бичлэгийг үзэх боломжтой аж.


Ташрамд дурдахад, бүх шатны шүүх авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хэргийг нээлттэйгээр шууд дамжуулж эхэлсэн. Шүүх хуралдааныг шууд дамжуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод, нээлттэй байснаар олон нийт үнэн зөв, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас хүлээн авах боломжийг нэмэгдүүлж байна.

 



 



Related news