ХОВД: Баатархайрхан багт хоёр ухаалаг худаг ашиглалтад оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн төв буюу Жаргалант сумын Баатархайрхан багийн 13 болон 17 дугаар
гудамжинд ундны усны ухаалаг
худаг ашиглалтад орлоо.
Ингэснээр сум, багийн иргэдийг стандартын шаардлагад
нийцсэн ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар тогтмол хангах боломж бүрдэж
байна.
Худагт хамгийн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмж
суурилуулсан бөгөөд камертай, 24
цагаар ажиллах юм.
Жаргалант сумын Засаг даргын орлогч Н.Батсүрэнгээр
ахлуулсан ажлын баг ухаалаг худгийн ашиглалтад хяналт тавьж, “Шим-Ус”
ОНӨААТҮГ-т шилжүүлэн өглөө.
Худгийг цаашид “Шим-Ус” ОНӨААТҮГ хариуцан ажиллана. Иргэд
ухаалаг худгийн усны картыг “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас
авах боломжтой юм.
Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд 33 мянга гаруй иргэн амьдарч байна.
Тус сумын гэр хорооллын бүсэд 5200 гаруй өрх бий.
Сумын нутаг дэвсгэрт одоогоор 15 ухаалаг худаг буюу ус түгээх цэг ажиллаж байна.