БАЯН-ӨЛГИЙ: Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар оролцож, аймгийн хөгжлийн бодлого, цаашдын зорилтын талаар хэлэлцэн, харилцан санал солилцлоо.
Зөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг дарга Е.Зангар хэлтэс,
агентлагийн дарга нар болон сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ
байгууллаа. Энэхүү гэрээ нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр,
аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн
жилийн төлөвлөгөө, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад
чиглэнэ.
Мөн гэрээнд талуудын хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн
төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл, хэрэгжилтийг дүгнэх, үнэлэх журмуудыг
тусгаж, хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаа, чанарын шалгуур
үзүүлэлт, хүрэх үр дүнг салбар бүрээр тодорхойлсон байна.
Зөвлөгөөний төгсгөлд аймгийн удирдлагууд төр, засгийн бодлого,
шийдвэр болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийг орон нутгийн түвшинд бодитой хэрэгжүүлэх, төрийн байгууллагын
нээлттэй ил тод байдлыг хангах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар,
хүртээмжийг дээшлүүлэх талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.



