ХӨВСГӨЛ: Ханх сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг усан тээврээр шуурхай хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-10 17:28:51

Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сум аймгийн төвөөс 180 км алслагдсан бартаа ихтэй учраас иргэд авто машинаар 8-10 цаг орчим явдаг.


Ханх сумын Эрүүл мэндийн төв 19 хүний бүрэлдэхүүнтэй сумынхаа 2882 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Ханх сум алслагдсан учраас урин дулааны цагт яаралтай эрүүл мэндийн тусламж үзүүлэх үед тулгардаг олон асуудал бий. 

Бартаат замаар хүнд өвчтөн тээвэрлэхэд цаг хугацаа алддаг учраас усан замын тээврийг сонгодог.


Гэхдээ нэг завийг 3 сая 500 орчим мянган төгрөгөөр түрээсэлж иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэдэг гэдгийг Ханх сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Анхтуяа ярилаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан орон нутагт ажиллахдаа Ханх суманд төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бага оврын усан завьтай болгохоор шийдвэрлэлээ.


Ханх сумын бартаат замын тээврийг урин дулааны цагт усан тээвэр болгож эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж буйг онцолж байлаа.


Мөн Ханх сумын Эрүүл мэндийн төвийн барилга 2008 онд ашиглалтад орсон олон жил болсон 2021 оны газар хөдлөлтийн улмаас ан цав үүссэн, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байранд эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.


 

 

Related news