ХОВД: Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сум, багт ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг
чиглүүлэх, мэргэшүүлэх баруун бүсийн сургалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ.
Дээрх сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас 80 гаруй хүн оролцож байна.
Сургалт энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчид нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга зүйг эзэмших юм.
Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн орчныг сайжруулахаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Хуулийн хүрээнд 2025 оноос эхлэн сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулахаар болж, улсын хэмжээнд шинээр 833 нийгмийн ажилтан томилогдон хүүхэд, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагааг сум, хороо, багт хүргэн ажиллаж буй.
Үүнээс Ховд аймагт 30, Увс аймагт 27, Баян-Өлгий аймагт 27 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан тус тус шинээр томилогджээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил,
хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамираар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын баг өнөөдөр Ховд аймгийн
удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцсон ба хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх баруун бүсийн сургалтад оролцлоо. Тус ажлын баг маргааш Жаргалант сумын хамтарсан багийн гишүүдтэй уулзаж, зөвлөн
туслах үйлчилгээ
үзүүлнэ.
Хүүхэд,
гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас дээрх сургалтыг бүсчилсэн байдлаар 21 аймаг, 9 дүүрэгт
зохион байгуулж буй.