ЗАВХАН: "Монголын нууц товчоо"-г 17 сарын турш уншина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-12 17:25:22

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, “Аянга” номын клубтэй хамтран “Монголын нууц товчоо” номын хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд зохион байгуулна.


Хэлэлцүүлэгт аймгийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар болон Улиастай сумын таван сургуулийн 9-11-р ангийн 100 сурагч оролцох юм.


Энэ хэлэлцүүлэг нь Монголын нууц товчоог хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилготой. Хэлэлцүүлэгт оролцогчид Монголын нууц товчоог энэ сарын 2-ноос эхлэн 17 сарын хугацаанд уншина.


Цаашид сар бүр номын бүлэг бүр дээр нэг хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Монголын нууц товчоо номын нэгдүгээр бүлгийн уншлага хэлэлцүүлэг энэ сарын 19-ний өдөр аймгийн Төв номын санд болно.


Хэлэлцүүлгээр Монголын нууц товчооны агуулга, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцана.


Хэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүд маань нууц товчоог системтэй уншиж, хэн түүхэн үйл явдлыг ямар өнцгөөс харж байна. Өөрийнхөө ямар саналыг дэвшүүлж байна, магадгүй оролцогчид мэтгэлцээн ч өрнүүлж болох юм.

Монголын нууц товчоо бол монголчуудын үнэт өв. Тиймээс хүүхэд залуучууд “Монголын нууц товчоо”-гоо заавал унших хэрэгтэй. Ер нь эх орныхоо түүхийг сайн уншиж, мэдэх ёстой төдийгүй хүүхэд залуучуудад түүх, өв соёлоо таниулах нь бидний үүрэг юм. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго бол өв соёл үнэт түүхээ таниулж мэдүүлэх юм гэж Завхан аймгийн Соёл Урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.


Монголын нууц товчоо нь Монголын соёлын анханд тооцогдох бичгийн дурсгал. Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг. Нийт 12 бүлэгтэй

Related news