Л.Жаргалсайхан: ШУА, МУИС-ийн эрдэмтдийн хамтарсан баг Зөөвч-Овоо ордын бүх суурь судалгааг хийсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/67ad6db532910.png)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. ШУА-ийн хими, биологи, физик, математик, информатикийн бага чуулганаас "Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт “Ураныг газар доор уусган олборлох технологи” илтгэл тавьж хэлэлцүүлсэн ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph. D) Л.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Ураныг
газар доор уусган олборлох технологи” гэдгийг энгийнээр яаж ойлгох вэ?
-Тодорхой нөхцөл
хангасан орд дээр газар доор ураны уусган олборлох технологийг ашигладаг. Энэ
технологиор ашиглах гэж байгаа Зөөвч-Овоогийн ордын уран нь шаварлаг давхаргаар
тусгаарлагдсан элсэрхэг, усархаг давхаргад хүдэрт хамгаалагдсан хэлбэртэй байгаа. Энэ нөхцөлд нь дээш, доош нэвтрэх
үйл явцыг хязгаарлах боломжтой гэж ойлгож болно. Хүхрийн хүчил их хэрэглэгддэг.
Тэгэхээр тэнд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж хүчилд тэсвэртэй материалаар
хийгдсэн байх ёстой болдог нь энэ технологийн өртгийг нэмдэг онцлогтой. Хүхрийн
хүчил ашиглаж байгаа нөхцөл нь хүдэр агуулж байгаа биетэд уранаас гадна өөр
эрдэс, чулуулаг байж болно шүү дээ. Тэд хүдэрт уусах явцад элдэв хортой элемент
үүсэх ч юм уу, янз бүрийн хий ялгарах зэргээр урвал
явагдах магадлал бий. Энэ бүхнийг тооцож үзсэний үндсэн дээр Зөөвч-Овоо орд дээр хүхрийн
хүчлийг ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзсэн. Ер нь, дэлхий нийтэд ийм
тохиолдолд хүхрийн хүчлийг ашигладаг жишиг тогтсон байна.
-Та илтгэлдээ 170-200 метрийн гүнд ураны хүдэр байгаа гэж дурдлаа. Тэр хүдэр байгаа үеийг нарийн тодорхойлох нь уусган олборлох технологт маш чухал байх нь, тийм үү?
-Геологийн
судалгаагаар үеүдийг тодорхойлж байгаа. Гэхдээ байгальд үүсэж бий болсон
давхаргууд яг шугамдсан юм шиг байхгүй шүү дээ. Эхлээд хөрс, чулуулаг, тэгж
байснаа нэг усны үеийн дараа, хүдэр
агуулсан давхарга ч байх боломжтой.
-Газрын гүн рүү суулгасан хоолойнуудаар шахсан хүдрийн уусмал ураны хүдрийн давхаргаас
бусад үе давхаргад ямар нэг байдлаар нэвтрэх эрсдэл байх уу?
-Газрын гүнд
суулгасан хоолойнууд баялаг байгаа үе давхаргад нүхнүүдтэй байна. Тэр
нүхнүүдээр шингэнээ шахна. Мөн шингэнээ дээш нь татаж авна. Бусад давхаргыг дамжиж буй хоолой ямар нэг нүх сүвгүй учраас тухайн давхаргад ямар нэг үйлчлэл
үзүүлэхгүй.
-Ураны хүдэр
байгаа үе давхаргаас хүдрийг нь авчихлаа. Тэнд хоцорсон хөндий хоосон орон зайг ямар аргаар нөхөн сэргээх вэ?
-Уран агуулсан
хүдэр байгаа давхарга нь элсэрхэг устай
байна гэж байгаа. Уусгалт хийхээр тэнд ус нь үлдэнэ. Тэнд ямар нэг ухсан хөндий
үүсэхгүй. Хэрэв усыг нь шавхаад байна гэж үзвэл тэр ус багасна. Тэндээс шавхсан
усаа хоолойгоор эргүүлээд шахна. Тийм болохоор тэнд байгаа усны түвшин тэр
хэмжээндээ хадгалагдана. Ураны хүдэр агуулж байгаа үе давхаргын ус чинь хүдэр
байгаа учраас элдэв хүнд элементийн агууламжтай, бидний
ундны ус шиг биш шүү дээ. Бид ураныг нь авчихсан учраас тухайн ус ураны агууламжгүй
болно. Харин тэнд үүссэн хүчиллэг орчныг
саармагжуулж нөхөн сэргээлт хийнэ.
-Газрын гүн рүү суулгасан хоолойгоороо баялгаа аваад түүгээрээ нөхөн сэргээлтээ хийгээд явна
гэсэн үг үү?
-Тийм ээ, уусмал
шахаж баялгаа авна, түүгээрээ нөхөн сэргээлтээ хийж байгаа нь энэ технологийн давуу тал нь юм.
-Дэлхий
нийтэд уран олборлоод тодорхой хугацаа өнгөрчээ. Хамгийн найдвартай, эрсдэл багатай технологийг манайд ашиглах гэж байгаа гэж ойлгож болох уу?
-Уран олборлох
гурван янзын аргаас хамгийн байгальд ээлтэй нь газар дор уусган олборлох
технологи. Гэхдээ ямар ч юмнаас эрсдэл үүсэх боломжтой. Хүн зүгээр зогсож байхад ч эрсдэл үүсэх боломжтой шүү дээ. Ямар нэг эрсдэлгүй юм гэж байхгүй. Хамгийн бага
эрсдэл үүсгэх, байгаль орчинд хамгийн хал багатай байлгахын тулд ерөөсөө
технологийн горимоо барих, байгаль орчны хяналт мониторингоо сайн хийх, түүнээс
биш огт эрсдэлгүй жигтэйхэн сайхан болсон гэж хэлэх боломжгүй. Дэлхий нийтэд
ямар ч үйлдвэрлэлд хамгийн бага түвшний эрсдэл байлгана гэж үздэг. Тэр түвшинд
л байх боломжтой.
-ШУА-ийн эрдэмтдийг оролцуулсан ажлын хэсэг 2021 оноос судалгаа хийж эхэлсэн гэж таны
илтгэлд дурдагдлаа. Багийн ахлагч нь та байсан юм байна. Өнгөрсөн хугацаанд
ямар түвшний судалгаа хийв?
-Шинжлэх ухаан технологийн төслийн манай баг
өнгөрсөн хугацаанд тухайн бүс нутгийн 50 км тойрогт байгаа худгийн усны чанар,
хөрсөн дээр ураны, хүнд металлын бохирдол нэмэгдэж байгаа эсэх талаар судалгаа
хийсэн. Мөн тэнд ургадаг ургамлыг судалж байгаа. Ургамалд хүнд металлын
агууламж ямар хэмжээтэй байгааг тодорхойлж байна.
-Зөөвч-Овоо ордод танай багаас өөр ямар нэг судалгаа хийсэн үү?
-Монгол Улсын хувьд, уул уурхайн олборлолт эхлэхээс өмнө хөндлөнгийн ШУА, МУИС-ийн эрдэмтдийн хамтарсан баг шинжлэх ухааны үндэслэлтэй бүх суурь судалгаа хийсэн анхны төсөл нь энэ байх аа. Харин “Бадрах энержи” компани дотоод хяналтынхаа хүрээнд ч судалгаанууд хийсэн байдаг.