Дүүжин замын тээвэр төслийн орц гарц байрлах хэсгийг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-04 08:50:20

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлээс хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн эцсийн буудлыг Хархоринд байрлуулахаар төлөвлөж буй.


НЗДТГ-ын мэдээлснээр, буудлын орц, гарц байрлах хэсэгт “Баянгол Бизнес инкубатор” төв үйл ажиллагаа явуулдаг байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тухайн байршилд ажиллах үеэрээ, “Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Яармаг-Хархорин чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх тооцоолол гарсан. Түүнчлэн дүүжин замын тээвэр төслийн орц гарц байрлах хэсэг буюу инкубатор төвтэй давхцаж буй 17 ам метр хэсгийг Баянгол дүүрэгтэй хийсэн гэрээг үндэслэн нөхөн олговортой шилжүүлж, чөлөөлнө” гэв. 


Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам нь Яармаг-Арцат-Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд барих юм. Нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа аж. Тулгуур цамхгийн суурилуулалтыг 11 дүгээр сард бүрэн хийж дуусгах юм. Төслийн сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгын дотор засал болон холбоо, дохиоллын ажлыг ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.

Related news