ӨВӨРХАНГАЙ: Мал эмнэлгийн лабораторийн хүчин чадлыг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-13 20:00:39

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Аймгийн Мал эмнэлгийн газрыг Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.


Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцад тусгагдсан 93 сая төгрөгийн өртөг бүхий 18 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, 341.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн барилгыг иж бүрэн засварлаад байна.


Өнөөдөр төслийн ажлын багийн ахлагч, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мал эмнэлгийн салбарын хамт олонд тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, лабораторийн үйл ажиллагаатай танилцсан ба малыг чанаржуулах, эрүүлжүүлэх чиглэлээр заавар чиглэл өгсөн юм.




“Лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр бүсийн хэмжээний хүнс, ялангуяа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр үзүүлнэ. Төслийн хүрээнд бүсийн гурван лабораторийг Хэнтий, Ховд, Өвөрхангай аймагт байгуулж байгаа. Өвөрхангай бол байршлын хувьд давуу, мөн мал эмнэлгийн хувьд хүний нөөцийн чадавх сайтай” хэмээн ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэв.




“Аймгийн Мал эмнэлгийн газар, нэгжүүд, малын эмч нар бог малын гоц халдвараас сэргийлэх хоёр төрлийн тарилгад бүх малыг хамруулснаар малын өвчлөлгүй тайван бүс болсон. Мөн энэ ажлын үр дүнд мал эмнэлгийн нэгжүүдийн үйлчилгээний хөлс, хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдсэн” хэмээн тус газрын дарга А.Нямдаваа хэлж байлаа.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл” дөрвөн чиглэлээр 12 аймгийн 80 гаруй суманд хэрэгжиж байна.



 

Related news