БАЯНХОНГОР: Хонины амьдын жинг 50 кг хүргэх зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-17 15:17:46

Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баянхонгор аймагт ажиллан, шинээр байгуулсан эрчимжсэн хонины аж ахуйн үйл ажилллагаатай танилцав.

Эрчимжсэн хонины аж ахуйг орон нутагт хөгжүүлж буй “Вишион агро” ХХК нь Дорнод аймгийн барга үүлдрийн 20 хуцыг нутагшуулан, үржүүлгийн ажлыг эхлүүлж, 2025 онд органик мах үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор 200 толгой өсвөр хонийг шинэ тэжээлийн жороор бордож, амьдын жинг 50 кг хүргэх замаар зах зээлд нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн малын гарал үүслийг баталгаажуулах QR код болон IoT технологийг ашиглан орчин үеийн хяналт, бүртгэлийн системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэхдээ, “Баянхонгор аймаг хөдөө аж ахуйн салбарын хөгжилд сайтар анхаарч, тодорхой үр дүнд хүрч ажиллаж байгаа нь орон нутгийн бодлого тасалдах биш тогтвортой байгаагийн үр дүн гэж харж байна. Орон нутаг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шинэ үйлдвэрлэл, технологи нэвтрүүлж байгаа нь сайшаалтай” хэмээн онцлов. Мөн тэрбээр шинэ суурьшлын бүсийн Ингэний сүүний үйлдвэр, өвлийн хүлэмжийн байгууламжуудыг газар дээр нь судалж танилцсан байна. 


Ажлын багийнхан Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын албан хаагч нар болон МЭҮН-ийн эмч нартай уулзалт хийж, сумдын малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, малын эмч нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих үүднээс Бөмбөгөр, Бууцагаан, Галуут зэрэг сумын МЭҮН-т явуулын өндөр даралтат усан шахуурга буюу мотор, усны хуванцар сав, усан банн, автомакс, малын эмчийн хувцас болон лабораторийн анхан шатны хэрэглэгдэхүүн болох 12 нэр төрлийн 30 сая төгрөгийн багаж төхөөрөмж хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Related news