УВС: Мэдээлэл зүйн баруун бүсийн анхдугаар олимпиадад Увсынхан өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-18 10:26:28

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Мэдээлэл зүйн баруун бүсийн анхдугаар олимпиад Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор Мянгад суманд энэ сарын 15-16-ны өдрүүдэд боллоо.


Олимпиадад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн 17 багш, 40 сурагч оюун ухаан, програмчлалын мэдлэг чадвараа сорин өрсөлджээ. Багш нарын ангилалд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн багш Ц.Цэдэвсүрэн тэргүүлсэн бол Улаангом сумын 2 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш Чатжаргал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш Ш.Тилеубек нар удаалсан байна.


Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиадын ахлах ангилалд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Батцагаан түрүүлж, Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн 12в ангийн сурагч З.Эрдэнэ-Очир, Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн 12б ангийн сурагч Н.Баасандорж удаалжээ.


Харин дунд ангилалд Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн 9г ангийн сурагч С.Төгсжаргал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бастама сургуулийн 10а ангийн сурагч Е.Рахымнур, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Б.Тэмүүлэн нар эхний гурван байр эзэлсэн байна.

  

Багийн гишүүдийн нийлбэр оноогоор Увс аймаг 506 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол Ховд аймаг 308 оноогоор дэд байр, Баян-Өлгий аймаг 166 оноогоор гутгаар байрт оржээ.

Related news