ХОВД: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-20 09:56:43

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2025-2027 оны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах ажлын баг энэ сарын 19-нд хуралдлаа. 

Хуралд аймгийн удирдлагууд болон үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбооны дарга, тэргүүлэгч, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл оролцжээ.  


Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог Засгийн газрын дэргэд,  салбар хороог аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулсан.  
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 2025 оноос эхлэн гурван жил тутамд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр хийх тухай заалт тусгасан юм.    


Энэ хүрээнд Ховдынхон урьдчилсан байдлаар санал авч, Засгийн газар, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан энэ жилийн хамтын хэлэлцээрт зургаан бүлэг бүхий 30 гаруй зорилтыг тусгажээ

Уг хэлэлцээр нь Ховд аймгийн хэмжээнд иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг хангах, олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монгол Улсын Засгийн газрын зохистой хөдөлмөр эрхлэлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд харилцаа хамтын ажлыг зохицуулах зорилготой юм

Дээрх уулзалтын явцад талууд саналаа хэлж, гэрээний төсөлд нэмэлт саналыг тусган хэлэлцээрийг 14 хоногийн дараа байгуулахаар болсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.    

Related news