ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баярт 30 мянга орчим иргэн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-24 14:56:29

Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 24 дэх жилдээ амжилттай боллоо.


Энэ жилийн хувьд мөсний баярыг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр зорилгоор анх удаа 10 хоног зохион байгуулснаараа онцлог боллоо.



Хөвсгөл аймаг халх, хотгойд, дархад, урианхай, буриад, цаатан гэсэн олон ястны өлгий нутаг юм.


Мөсний баярын үеэр олон ястны дээл хувцас, ёс заншлыг аялагч иргэдэд танилцуулж, дуу хуурын соёлыг сурталчиллаа.

Мөн энэ үеэр биеийн тамир спортын 15 төрлийн уралдаан, тэмцээн, соёл урлагийн 15 үйл ажиллагаа, морь унуулах үйлчилгээг 150 малчин, морин чарганы үйлчилгээг 102 иргэн, хүнс барааны худалдаа 102, явуулын кофе, цай, ундаа, шорлогийн болон хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг 90 орчим иргэн тус тус үзүүлсэн байна.




“Хөх сувд” мөсний баярыг 10 хоногийн турш гадаадын 258, дотоодын 26867 нийт 30 мянга орчим иргэн ирж үзэж сонирхлоо.


Энэ үеэр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын алба хаагчид 24 цагийн турш ажилласан бөгөөд ноцтой хэрэг зөрчил гараагүй байна.



Ийнхүү “Хөх сувд-2025” мөсний баярын үеэр цаг агаар тогтуун дулаан байсан тул ирсэн зочид ая тухтай, эрүүл агаарт тоглож наадан, дуулж бүжиглэн Далай ээжийнхээ толин цэнхэр мөсөн дээр 10 өдрийн турш  тухлан саатлаа.

  

 

 

Related news