ЗАВХАН: Малчид цөөн тооны, ашиг шим өндөртэй мал өсгөж, үүлдэр угсааг сайжруулах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-25 12:39:02

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн малчин Аюушжавын Эрдэнэ-Очир улсын аварга малчны шагналаа гардан авлаа.


Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар Оцон чулууны өвөлжөөнд нь очиж гардуулан өглөө.


Асгат сум энэ жил анхны улсын аварга малчинтай болжээ. Тус сумаас энэ жил гурав дахь "Алтан төл"-ийн эзэн тодорсон байна. 


Малчин А.Эрдэнэ-Очир, гэргий М.Мөнхжаргал нар хоёулаа эцэг эхээс 11 үүлээ, өнөр өтгөн, удам дагасан малч гэр бүл. Тэднийх малаа дөрвөн төрөл дээр нь өсгөн үржүүлж байна. Жил бүр 1000 гаруй малынхаа хадлан тэжээлийг өөрсдөө бэлтгэж, энэ өвөл өнтэй өвөлжиж байна. Малынхаа чанарыг сайжруулж, Увс аймгийн оторчдоос эцэг мал авч, цус сэлбэдэг. Уламжлалт малч ухаанаа өвлөн авсан төдийгүй залуу малчдад зааж сургадаг байна.


Гэрийн эзэн аавынхаа морь уях эрдмийг өвлөн үлдэж, эцгийн адуун сүргийн манлай шаргууд азарганыхаа төлийг уяж уралдуулж, аймгийн Алдарт уяач цолд хүрчээ. Тэрбээр улсын аварга малчныхаа шагналтай хамт аймгийн алдарт уяачийнхаа шагналыг ч мөн гардан авсан байна.


А.Эрдэнэ-Очирынх 2014 онд аймгийн аварга малчин болж байсан бол 2018 онд Алтан төлийн эзэн болж байсан гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


-Манайх дөрвөн хошуу мал малладаг. Адуу, үхэр, хонь ямаа. Мал маллахад эзэн хүний арчилгаа хөдөлмөр, зүтгэл их бий. Хөдөлмөр, арчилгаа шаарддаггүй мал гэж бараг байхгүй. Адуу л гэхэд чоно нохойноос үргэлж хамгаалж, харж хонохгүй бол болохгүй. Малчин хүн бүр өвөлжилтөд эртнээс бэлтгэх нь чухал.


Зун, намартаа бэлчээрээ хамгаалаад, дөрвөн улиралдаа отор нүүдэл хийгээд малынхаа тарга хүчийг сайн тогтоох хэрэгтэй.


Мөн малынхаа тарилга вакциндаа тогтмол хамрагдах хэрэгтэй юм. Малчдад одоогийн байдлаар тулгамдаж буй хамгийн том асуудал бол бэлчээрийн асуудал. Малын тоо толгой замбараагүй өсөж, бэлчээр талхлагдаж, хомсдож байгаа. Тиймээс малчид бид цөөн тооны, ашиг шим өндөртэй мал өсгөж, малынхаа үүлдэр угсааг сайжруулах нь чухал байна. Сүүлийн үед залуу малчид автомашин, мотоцикл гээд техникээр малаа хариулж байна. Энэ их буруу. Эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн аргаараа морио унаж малаа хариулах хэрэгтэй. Бид хүүхдүүддээ ч захидаг.


Автомашин техникээр мал хариулах нь нэгдүгээрт мал тарга хүчээ авч чадахгүйд хүргэнэ. Хоёрдугаарт бэлчээрийн өвс ногоо, ургамлыг сүйтгэнэ.


Сайн малчин болохын тулд бэлчээр нутгаа хамгийн их хайрлах хэрэгтэй. Малчин хүн өглөөний нартай уралдаж босох чанар байх ёстой. Өглөө эртлэн босож, малаа бэлчээж бүх ажлаа амжуулж сурах нь цаашдаа сайн малчин болох хамгийн эхний алхам юм шүү хэмээн улсын аварга малчин А.Эрдэнэ-Очир залуу малчдад зөвлөлөө.

Улсын аварга малчин Аюушжавын Эрдэнэ-очир 


Улсын аварга малчин Аюушжавын Эрдэнэ-очирынх Оцон чулууны өвөлжөөнд өвөлжиж байна


Улсын аварга малчны шагналаа ахан дүүс, нутгийнхантайгаа хамт хүлээн авчээ

Related news