Apple компани АНУ-д 500 тэрбумын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 25 /Reuters/. Apple компани ирэх дөрвөн жилд АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Техаст хиймэл оюун ухааны серверийн аварга том үйлдвэр байгуулж, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр орон даяар 20 мянга орчим ажлын байр бий болгоно гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамптай уулзсан тухай мэдээлэл цацагдсаны дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. iPhone гар утас үйлдвэрлэгч тус компани Д.Трампын
эхний бүрэн эрхийн хугацаанд Хятадын бараанд
ногдуулсан татвараас чөлөөлөгдөж байсан боловч одоо Хятадад үйлдвэрлэсэн Apple-ийн ихэнх
бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулж магадгүй байна.
Apple
компани 2018 онд буюу Д.Трампын өмнөх засаг захиргааны үед дээрхтэй төстэй
мэдэгдэл хийж, ирэх таван
жилийн хугацаанд АНУ-ын эдийн засагт 350 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж
мэдэгдэж байв. Даваа гарагт тус компанийн хувьцааны ханш 1.2 хувиар өсжээ.
Д.Трамп
“Truth
Social” нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Apple болон Т.Күүкт талархал илэрхийлж, энэ алхам нь компани одоогийн засаг захиргаанд итгэж байгааг харуулж байна гэжээ. Apple-ийн хэрэглээний ихэнх
бүтээгдэхүүнийг гадаадад угсардаг боловч
олон эд ангийг Америкт үйлдвэрлэсэн хэвээр байна. Apple компани өнгөрсөн сард Тайванийн TSMC компанийн
эзэмшлийн Аризона дахь үйлдвэрт өөрийн загварын чипүүдийг олноор үйлдвэрлэж
эхэлжээ.