ДОРНОД: Ухны булагт өвөлжиж буй улсын аваргын хотноос
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өвс халиурсан намар цаг уу гэлтэй, налайсан сайхан өдөр Монгол Улсын аварга малчин С.Төмөрсүхийн хот айлыг Цагаан-Овоо сумын Ухны булагт өвөлжиж ахуйд нь зорьж очив. Энэ жил малын туурайгаар цоохортсон цастай, Ухнын булаг тэсэрч малын зоо тэнийсэн өнтэй өвлийг үдэж, хаврын тэргүүн сартай золгож байна.
Нар шингэх үед дөрвөн уулын бэлд малын хашаа, хоёр метр хэртэй
өндөр завааль тэр хавьдаа л байшин барилга шиг сүндэрлэж
харагдана.
Таван ханатай таван гэр нь тэвхийн цайраад, аргалын утаа уулын бэлээр
суунаглаж, тооноор шинэхэн хоолны уур савсан байх нь сайхаан. Адуун сүрэг
өвөлжөөгөө бүрхээд, тэнгэрийн хаяа үлгэрийн мэт туяарч, гэрийн хооронд
нааш цааш түлээ мод, аргал шигжир зөөн ажин түжин суухуйд гэнэт л аварга малчны
шагнал гардуулахаар ирэх албаны хүмүүсийг угтах бэлтгэл ажил оволзож эхэлсэн
бололтой. Чөлөө завгүй холхих хүмүүс биднийг тосон авлаа.
Улсын аварга малчин С.Төмөрсүх, холын айлчин болох бага хүргэн Виктор Жалсановын хамт биднийг угтан тосов. Буриад улсын найруулагч, театрын болон кино жүжигчин юм. В.Жалсанов гэр бүлийн хамт усны урт, газрын холыг туулан энд саатжээ.
С.Төмөрсүх ахай одоогоос 25 жилийн өмнө гэргийтэйгээ өрх тусгаарлаж, 120 толгой малтай амьдралаа
эхлүүлж байсан бол өдгөө хөндий дүүрэн бэлчсэн гурван мянга гаруй мал сүрэгтэй
болжээ.
Улсын аварга малчин С.Төмөрсүх: “Билгийн тооллын XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн сар шинийн босгон дээр “Монгол Улсын аварга малчин” боллоо. Харин миний дүү С.Сүхбаатар “Сумын аварга малчин” болж байгаа нь хамгийн сайхан мэдээ байлаа. Бид аав ээжээсээ арвуулаа. Зургаан охин, дөрвөн хүү. Ингээд дөрвөн хүү болох С.Төмөртогоо, С.Төмөрбаатар, С.Төмөрсүх С.Сүхбаатар бид дөрөв сумын, улсын аварга малчин болж байгааг аав ээж минь тэнгэрээс харж баярлан суугаа гэдэгт итгэж сүслэж явдаг. Одоо байгаа манай өвөлжөө бол миний аав Сүрэн Ухны хэсгийн дарга байхдаа тасаг байгуулж гарч байсан, мөн том ах С.Төмөртогоо гэргий Д.Түмэнцэцэгтэйгээ айл болж тусдаа гарч байсан ийм сайхан түүхтэй нутаг” хэмээн дурсамж яриа дэлгэлээ. Түүний гэргий Б.Тунгалагтуул бидэнд цай аягалах зууртаа “Энэ өвөл 30-аад үхэр сааж, цагаан идээгээ борлуулж сууна” хэмээн сонирхуулан яриа дэлгэв.
Ёстой л...
Морьд үүрсэх хээр талдаа
аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн,
орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж,
гэрийн цэнхэр утаа суунаглаж
Хуйлран давхих зээрийн
сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгvйгээ
мэдэрнэ чи... гэх Балбар агсны мөртүүд цээжинд тодрох.
Тэд жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрч, хурааж цуглуулсан бүхнээ үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, худ ураг, нутгийн зон олонтойгоо харамгүй хуваалцдаг улс. Тэд хорь гаруй жил малын үүлдэр угсаа, чанарт анхаарч мал маллах арга ухааныг өвлөн мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь дээшлүүлж иржээ. Тэр дундаа Цагаан-Овоогийн хар омгийн ямааны цөм сүрэг, мах сүүний чиглэлээр үхэр сүргээ чанаржуулж, буриад хонио үржүүлж яваа ажилсаг хөдөлмөрч малчин айл юм. Энэ хугацаанд олон айлыг малжуулж мал маллах арга ухаанаа өвлүүлжээ. С.Төмөрсүх ахай мал маллахаас гадна сайн дурын байгаль хамгаалагч. Тэрбээр ах дүү нартайгаа хамтран “Өвөр хоолойн хоршоо”-г байгуулж, нэн ховордсон буга, тарвага, цагаан зээрийг нутагшуулж, идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллаж, байгаль эх дэлхий, ан амьтан, нэн ховор ургамал цэцгийг хайрлан хамгаалсаар байгааг сумын Засаг дарга Д.Батмагнай хэлсэн үгэндээ онцоллоо.
“Монгол Улсын аварга малчин” цолыг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, сумын Засаг дарга Б.Батмагнай нар гардуулахаар хүрэлцэн иржээ. Ураг удмаа ярилцан суутал Л.Соронзонболд гишүүнтэй ойрын төрөл садангууд болж таарав. Тэрбээр С.Төмөрсүх ахайн аав Сүрэнгийн ээж Цэвэлмаагийн дүүгийн хүүхэд буюу нагац зээ нар болохоо энэ үеэр мэдэлцэж, хамаатан саднаараа их хувь тохиол хэмээн бэлгэшээсэн. Ийнхүү Их хурлын гишүүн нагац нарынхаа бууринд ирж цолыг нь гардуулж өгөх томилолт нь төөрөг зураг байж хэмээн ээжийнхээ тухай дурсамж яриа дэлгэлээ. Энэ үйл явдлыг дурсан үлдээж, нагац ах С.Төмөрсүх нь зээ болох Л.Соронзонболдод халуун хошуут хул морийг бэлэглэж цаашид үр хүүхэд, ач зээгээ мэдэлцэж түшилцэж явах өлзийтэй сайхан ерөөл тавин, холын зочид аяны дөрөө харшуулан мордов оо.