Газын зурвасыг сэргээн босгох Египетийн төлөвлөгөөг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-05 12:51:15

КАИР, 2025 оны гуравдугаар сарын 5 /Al Jazeera/. Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвасыг сэргээн босгох тухай Египетийн төлөвлөгөөг Арабын удирдагчид дэмжлээ гэж Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси мэдэгджээ. Энэхүү төлөвлөгөө нь тус зурвасын оршин суугчдыг нутагт нь үлдээх боломжийг олгох ажээ.


Ингэснээр бүс нутгийн удирдагчид Каир хотноо мягмар гарагт болсон уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн төлөвлөгөөг эсэргүүцэж гаргасан саналыг дэмжжээ. Д.Трамп Газын зурвасын 2.3 сая оршин суугчийг албадан гаргах, Палестины нутаг дэвсгэрийг дахин хөгжүүлэхийг санал болгосон юм.


Дээд хэмжээний уулзалтад Катарын Эмир, АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч, Саудын Арабын Гадаад хэргийн сайд нар оролцжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцсон байна.


Египетийн төлөвлөгөөнд Газын зурвасыг минагүйжүүлэх, түр орон сууцаар хангахад чиглэсэн сэргээн босголтын эхний үе шат, мөн зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг сэргээн босгоход чиглэсэн урт хугацааны сэргээн босголтын үе шат багтсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн тус зурвасыг хэн удирдах, сүйрсэн газар нутгийг сэргээн босгоход шаардагдах олон тэрбум ам.долларыг аль улсууд гаргах вэ зэрэг гол асуудлуудыг багтаажээ.


А.Сисигийн хэлснээр, Газын зурвасыг удирдах Палестины бие даасан, мэргэжлийн технократуудаас бүрдсэн захиргааны хороо байгуулах талаар Египет улс палестинчуудтай хамтран ажиллах ажээ. Тус хороо нь хүмүүнлэгийн тусламжийг хянах, Газын зурвасын асуудлыг түр хугацаанд зохицуулах үүрэгтэй бөгөөд Палестины үндэсний захиргаа дахин хяналтаа тогтооход бэлтгэнэ гэж тэрбээр хэлсэн байна.


Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Египетийн саналыг сайшааж байгаагаа илэрхийлээд, Палестины оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхгүй байх ийм төлөвлөгөөг дэмжихийг Д.Трампад уриалжээ. 2005 оноос хойш засгийн эрх барьж буй М.Аббас хэлэхдээ, хэрэв нөхцөл бололцоо бүрдвэл ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулахад бэлэн гэжээ.

Related news