СҮХБААТАР: 40 жил үйл урлаж буй Ж.Шархүүхэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын иргэн Ж.Шархүүхэн 40 жил үйл урлаж байна. Анхны үйлээ найман настайдаа оёж эхэлснээс хойш үндэсний дээл хувцас оёх сонирхолтой болж өөрийгөө хөгжүүлсээр мэргэжлийн оёдолчин болоод дээрх хугацааг туулжээ.
Тэрбээр орон нуагтаа өөрийн гэсэн оёдлын салонтой. Охид, зээ охин гээд гурван үеэрээ үйлээ урлаж, захиалагчдынхаа дээл гоёлыг бэлтгэдэг. Өөрийнх нь оёсон хувцсаар гангараад явж байгаа хүмүүсийг тэр дундаа эрхэм хүндтэй цаг үедээ дээлээр нь гоёсон хүмүүсийг харах нь түүний хувьд хамгийн дээд бахархал байдаг гэлээ.
Нийгэм, цаг үеэ дагаад үндэсний хувцсаараа гоёх хүмүүс эрс нэмэгдсэн. Нөгөө талаар загвар хийц, нэр төрөл нь өөрчлөгдөж байгаа ч үндсэн уламжлалаа хадгалж орчин үеийн хийцийг шингээн бүтээлээ уралдаг болсон тухайгаа тэрбээр ярилаа. Ийн үндэсний өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжлуулж яваа ахмад үйлчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар XVII жарны
"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн босгон дээр Төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэн, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.