СҮХБААТАР: Музейн ажилтнууд урласан бүтээлээрээ үзэсгэлэн дэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейгээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Музейн нээлттэй өдрүүдэд зориулан “Музейн үйлчин бүсгүйчүүд” үзэсгэлэн дэглэлээ.
Энэхүү үзэсгэлэнгийн үзмэрт 30 гаруй төрлийн хавтага болон даалинг дэлгэжээ. Эдгээрийг музейн ажилтан, албан хаагчид өөрсдөө урласан гэдгээрээ онцлог. Уламжлалт зүү ороох оёдлын арга техникийг ахмад багш Д.Алтаннавчаар заалган сурч, тодорхой
хугацаанд бүх бүтээлийг урлажээ. Музейн бүх ажилтан гар бие оролцон, өөрсдийн урласан бүтээлээр ийн үзэсгэлэн гаргаж буй нь анхных бөгөөд үндэсний өв соёлд хүн бүр суралцах, цаашлаад түгээн дэлгэрүүлэх утга бүхий чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэр онцоллоо.
Зүү ороох
оёдлоор даалин оёж сурсан ажилтнууд ч үргэлжлүүлэн илүү сайн суралцах, шинэ бүтээл урлах сонирхолтой болсноо ч ярьж байв.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей долоо хоногийн турш үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Тус музей нь 10 танхимд
3000 орчим үзмэртэй.