Мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хүргэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг хоёр хувиар өсгөх шийдвэр гаргажээ.
Ингэснээр 12 хувь болон нэмэгдэж байгаа юм. Сүүлийн саруудад инфляц эрчимжин 9.6 хувьд хүрч Төв банкны зорилтот түвшнээс давсан тул бодлогын хүүг өсгөхөд хүргэжээ. Цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байгаа юм. Ийнхүү Монголбанк 2024 оны эхнээс зөөлрүүлэх чиглэлтэй байсан мөнгөний бодлогоо өөрчилж, эргэн чангаруулж байна.
Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарахад дотоод эрэлтийн идэвхжилтэй холбоотой худалдаа, үйлчилгээний салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлон нөлөөлжээ. Энэ онд хөдөө аж ахуйн салбар сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж уул уурхайн салбар эрчимжих, төсвийн төлөв суларч, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтууд эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна. Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт саарах, суурь хүү харьцангуй алгуур буурах хүлээлттэй болов.
Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөн банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоожээ.