Зуу гаруй бизнес эрхлэгч Монгол-Чехийн бизнес форумд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Чех улсад хийж буй төрийн айлчлалын үеэр манай улсын зуу гаруй бизнес эрхлэгч Монгол-Чехийн бизнес форумд оролцоно.
Тус багт хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, эрчим хүчний
салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл багтаж, бизнесийн форумд
оролцох, Чех улсын бизнес
эрхлэгчидтэй түншлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэх зорилготой юм.
Монголын компаниудын төлөөлөл өнөөдөр гурван хэсэгт хуваагдан бизнес аялал хийлээ. Эхний групп Чех улсын нийслэл Прага хотоос холгүй оршин дэлхийд алдартай даавууны үйлдвэртэй танилцсан бол хоёр дахь групп мах махан бүтээгдэхүүний үйлдвэрээр орж туршлага хуваалцсаныг МҮХАҮТ мэдээллээ.
БНЧУ-ын даавууны хамгийн том "Nova Mosilana” үйлдвэр 100 жилийн түүхтэй бөгөөд жилд 9 сая метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай, захиалгаар даавуу хийдэг. Итали улсын томоохон брэндүүдийн гол даавууг нийлүүлдэг, бүтээгдэхүүн нь хамгийн чанартай гэдгээрээ нэртэй аж.
Монгол-Чехийн бизнес форум өнөөдөр Прага хотноо эхэлнэ.