ДАРХАН-УУЛ: Давхардсан тоогоор хоёр сая иргэн үйлчилгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дархан сумын иргэд Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системээс давхардсан тоогоор 2.063.861 иргэн үйлчилгээ авчээ. Хамгийн их үйлчилгээ авсан нь Шарын гол сумын иргэд байна. Шарын гол сум 210.562, Хонгор сум 124.260, Орхон сум 72.905 үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системээс авчээ.
Дархан-Уул аймгийн иргэд И-Монголиа системийн хэрэглээ өндөр гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үнэлэгджээ.
Насанд хүрсэн нийт иргэдийн 96 хувь нь тус системийг ашигладаг бөгөөд цаг хэмнэж, төрийн үйлчилгээг цахимаар авч хэвшсэн байна.
Иргэд ихэвчлэн, жолоочийн лавлагаа, гэр бүл, эд хөрөнгө, үл хөдлөх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа мэдээлэл авахаар тус системээр үйлчлүүлдэг бөгөөд төрийн байгууллагад очиж дараалал үүсгэхгүйгээр өөрт хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээгээ авч чадаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2019 онд И-Монголиа төслийг санаачлан хэрэгжүүлж, Засгийн газрын дөрвөн жилийн хугацаанд хийсэн онцлох 32 ажлын наймдугаарт И-Монголиа системийг онцолжээ
Өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг цахимаар авах боломжтой болж өргөжжээ. Тус системийн долоо хоногийн дундаж хандалт 293.749 хэрэглэгч 756.588 үйлчилгээг авч байна.
Ташрамд, орон нутгийн хувьд 21 аймгийн нийт иргэдийн 70-95 хувь нь тус системийг хэрэглэж хэвшжээ. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд хамгийн олон хэрэглэгч бүртгэлтэй топ 5 аймгийг насанд хүрсэн хүн амын тоонд хувьчилж гаргахад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр,Төв аймаг багтжээ.