Канадын ган, хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэрээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-12 11:17:20

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /CNBC/. Канадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн нэмэлт татвар ногдуулах шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цуцалжээ.


Д.Трампын Худалдаа, үйлдвэрлэлийн асуудал хариуцсан зөвлөх Питер Наварро CNBC телевизэд ярилцлага өгөхдөө, эрчим хүчний экспортод Онтарио муж хариу татвар ногдуулах шийдвэрээ цуцалсны дараа ийнхүү шийдвэрлэсэн гэв.


Мягмар гаргийн өглөө зарласан Канадын ган, хөнгөн цагаанд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийн дагуу татварын хэмжээ 50 хувьд хүрч нэмэгдэх байв. Ерөнхийлөгч өнгөрсөн сард ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулахыг үүрэг болгосон бөгөөд энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.


Канад бол АНУ-ын хувьд хамгийн том ган нийлүүлэгч бөгөөд 2024 онд 6.5 сая гаруй тонн ган нийлүүлсэн тухай Америкийн Төмөр, гангийн хүрээлэнгээс мэдээлжээ. Харин Бразил улс 4.5 сая тонн ган нийлүүлснээр хоёрдугаарт жагссан байна.


Олон улсын худалдааны захиргааны мэдээлснээр, Канад улс 2024 онд АНУ-д 3 сая гаруй тонн хөнгөн цагаан нийлүүлснээр нэгдүгээрт бичигдсэн бол АНЭУ 350 мянган тонноор удаалсан байна.


Д.Трамын хэлснээр, Онтариогийн Тэргүүн сайд Даг Форд Нью-Йорк, Мичиган, Миннесота зэрэг АНУ-ын хэд хэдэн муж улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчинд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасны хариуд татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Д.Трамп мөн Америкийн сүү, сүүн бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа цуцлахыг Канад улсаас шаардсан байна.


Д.Трамп АНУ-Мексик-Канадын хэлэлцээрт тусгасан бараануудад татвар ногдуулах шийдвэрээ ирэх дөрөвдүгээр сарын 2 хүртэл хойшлуулсны дараа Канадын тал өнгөрсөн долоо хоногт сүү, цөцгийн тос, бяслаг зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан юм.  


Авто машин бол татварыг хойшлуулах шийдвэрт багтсан импортын гол бүтээгдэхүүний нэг юм. Харин Д.Трампын хэлснээр, Канадын тал дөрөвдүгээр сарын 2-ны дотор татваруудаа цуцлахгүй бол тус улсаас нийлүүлэх авто машины татварыг “үлэмж хэмжээгээр” нэмэгдүүлэх ажээ. Тэрбээр мөн бүх улс оронд харилцан татвар ногдуулна гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм.

 


Related news