“Дэлхийн мөнгөний 7 хоног” аян болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг энэ сарын 17-ноос хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар зохион байгуулахаар болжээ.
Энэхүү аяныг 2012 оноос хойш Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас жил бүр уриалж, 176 оронд 40416 байгууллага зохион байгуулж ирсэн билээ.
Хүүхэд залуусыг бага наснаас нь эхлэн санхүүгийн мэдлэгтэй болгож, зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх нь энэхүү аяны гол зорилго аж. Тиймээс Монголбанкнаас олон улсын энэхүү аянд хүүхэд, залуусыг бүрэн хамруулж, зохион байгуулахад анхаарч ажиллах бөгөөд хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилгатай байхыг уриалжээ.
Ташрамд дурдахад, хүүхэд залуусыг мөнгөө зөв удирдах, хуримтлал үүсгэх,
санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, эрсдэлээс хамгаалах мэдлэг, ойлголт түгээх
хүрээнд өнгөрсөн жилийн аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулья”
уриан дор зохион байгуулахад давхардсан тоогоор нэг сая орчим хүн хамрагдаж
байв.