Элчин сайд Н.Оюундарь Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудад Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 7-нд өргөн барив.
Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Анджей Дудад уламжилж, Монгол Улсын төрийн тэргүүний хийх төрийн айлчлал амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож байгаа ч манай хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон жилээр хязгаарлагдахгүй олон зуун жилийн өмнөөс эхтэйг дурдав.
Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, палеонтологи болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар талууд санал солилцлоо. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Элчин сайд Н.Оюундарийг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж амжилт хүсээд ижил төстэй түүхэн замналтай, нийтлэг үнэт зүйлстэй Польш, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.