Хүргэлтийн үйлчилгээг Туркийн төрийн байгууллагууд хянана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-13 16:23:56

АСТАНА, 2025 оны гуравдугаар сарын 13 /Kazinform/. Энэ гуравдугаар сараас эхлэн цахим платформыг ашиглан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд албан ёсоор Туркийн шуудангийн салбарын бүрэлдэхүүн хэсэг болж байна.


Шинэ журмын дагуу хүргэлтийн албадын үйл ажиллагааг төрийн байгууллагууд зохицуулах бөгөөд хүргэлтийн ажилтнуудын ажлын цагийг хянаж, энэ талаарх мэдээллийг Мэдээллийн технологи, харилцаа холбооны зөвлөлд хүргүүлж  байх ажээ.  


Энэхүү шийдвэр нь хүргэлтийн салбарын ил тод байдлыг хангах, хүргэлтийн ажилтнуудын ажлын нөхцлийг сайжруулах ба үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн алхам юм.


Шинэ журам гаргах болсон гол шалтгаануудын нэг бол хүргэгчдийн ажлын цагийг хянах явдал ажээ. Ингэснээр тэд тогтоосон норм хэмжээнээс илүү цагаар ажиллахгүй тул хөдөлмөрийн нөхцөл нь сайжирч, хэт ядардаг байдал арилна гэж эрх баригчид үзэж байна.


Үүний зэрэгцээ хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлын тоо цөөрч, үйлчилгээний чанар дээшлэх юм. Хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг бүх компани албан ёсоор бүртгүүлэх ёстой болж байгаа учраас тэдгээрийн хариуцлага ба үйл ажиллагааных нь ил тод сайжирч, нууцаар хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх явдал буурна  гэж үзэж байна. Түүнээс гадна, шинэ дүрэм журам нь хүргэлтийн албадын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилготой ажээ.  


Ташрамд дурдахад, энэ онд Казахстан улсад хоол хүнс хүргэлтийн салбарт шинэ стандартыг баталсны дагуу хүргэлтийн ажилтнууд эмнэлгийн үзлэгт орох ёстой. Гэхдээ энэ журам одоогоор зөвлөмжийн шинжтэй байна.  

Related news