Япончууд цахим тоглоомд жил бүр 8,4 тэрбум долларын мөрий тавьдаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 14 /NHK/. Цахим орчин дахь мөрийтэй тоглоомын асуудлаар Японы Үндэсний цагдаагийн газраас санал асуулга явуулахад, тус улсын 3 сая 360 мянган иргэн кибер казинод мөрий тавьж тоглодог бөгөөд мөрийний хэмжээ жилд 8,4 тэрбум орчим долларт хүрдэг гэсэн тоо гарчээ.
Цахимаар явуулсан санал асуулгад
15-79 насны 27 мянга гаруй хүн оролцсон байна.
Одоогийн байдлаар онлайн-гемблинг цахим хуудсуудыг ашиглан тоглодог хүмүүсийн тоо
орон даяар 1 сая 967 мянга байна. Харин өмнө нь цахимаар мөрийтэй тоглож байсан
хүмүүсийг оролцуулаад цахимаар тоглодог хүмүүсийн тоо 3 сая 368 мянгад
хүрчээ. Тэд сар бүр дунджаар 52 мянган
иен буюу 350 орчим долларыг мөрийд тавьдаг гэж тооцвол орон даяар жилд 1,24 их
наяд иен буюу 8,4 тэрбум орчим доллар болж байна.
Цахим орчинд мөрийтэй тоглож байсан
болон одоо тоглож буй хүмүүсийн 60 хувь нь ийм төрлийн тоглоомд донтсон гэдгээ
хүлээн зөвшөөрчээ. 46 хувь нь тоглохын тулд хэрэглээний санхүүжилтийн албад, гэр
бүлийнхэн ба таньдаг хүмүүсээс мөнгө зээлдэг байна.
Тоглоомыг зохион байгуулдаг киберсайтууд
ийм төрлийн тоглоомыг зөвшөөрдөг улсуудад ажилладаг байсан ч гэсэн Японы
хуулиар цахим орчинд мөрийтэй тоглохыг хориглодог ажээ.
Онлайн казинод тоглодог ба
тоглодоггүй 7 мянган хүнээс энэ талаар асуухад, 44 хувь нь цахим мөрийтэй
тоглоом хориотой гэдгийг мэдэхгүй байв.