УВС: Хархираа, Түргэний салбар уулс далайн түвшнээс 4000 метрээс дээш өндөр 31 цаст оргилтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-19 15:27:44

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Увс аймаг нь Монгол орны баруун хойморт, Их нууруудын хотгорын хойд хэсэгт, өргөргийн дагуу сунаж тогтсон 69,6 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай.


Баруун талаараа  Баян-Өлгий аймагтай 200 км, өмнө талаараа Ховд аймагтай 152 км, зүүн талаараа Завхан аймагтай 340 км, хойд талаараа  ОХУ-ын Тува улстай 575 км хиллэдэг.

  

Баруун талаараа Алтайн нурууны үргэлжлэл Хархираа-Түргэний уулс хойноосоо баруун зүг рүү сунаж тогтсон, зүүн талаараа Хангайн нурууны салбар Хан хөхийн уулс баруунаас зүүн зүг рүү сунаж тогтсон, хойд талаараа их нууруудын хотгорын Увс нуур, Төв Азийн хамгийн хойд захын элсэн тарамцаг Бөөрөг-дэлийн элс, Тэс голын сав газрууд, урд талаараа Хяргас нуур, Айраг нуур, Хар ус нуур, Завхан голууд байх бөгөөд тэдгээрийн хооронд тэгш тал, жижиг бэсрэг уулс, ухаа толгодууд холбон оршино.


Хамгийн өндөр цэг Хархираа-Түргэний уулсын Дэглий-Цагаан уулын Мөстийн оргил д.т.д 4126 метр, хамгийн нам дор цэг Увс нуур д.т.д 758.9 м, Хархираа, Түргэний салбар уулс далайн түвшнээс 4000 метрээс дээш өндөртэй 31 цаст оргилуудтай.

  

Увс, Хяргас, Ачит, Үүрэг, Айраг зэрэг нуур, Тэс, Ховд, Завхан, Боршоо, Хангилцаг зэрэг том гол, Хархираа, Түргэн, Хан хөхийн уулс, Бөөрөг дэлийн элс, Гоожуурын хүрхрээ, Хойд сайгийн хүрхрээ, Олон нуурын хөндий, Рашааны мухар, Нарийны голын эх, Хэцүү хад зэрэг  давтагдашгүй, өвөрмөц байгалийн  үзэсгэлэнт газруудтай.

   

Мөнх цаст өндөр уулсын бүслүүрээс ойт хээр, говь цөлийн бүсэд шилжих байгалийн олон бүс, бүслүүрийг хамран оршдог.

  

Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалтай. Увс нуурын хотгор нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн уулс хоорондын хотгор төдийгүй, Төв Азийн антициклоны төв юм. Өвөл 1 дүгээр сард агаарын даралт 1054 гПа болж, агаарын температур Зүүнговь, Тэс, Улаангом зэрэг ихэнх суманд -50 градус хүрдэг нь Монгол оронд тэмдэглэгдсэн хамгийн бага утга тул Увс нуурын хотгорыг Монгол орны хамгийн хүйтэн газар гэж үздэг.


Тус аймагт 69 зүйлийн хөхтөн амьтан, 367 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс нэн ховор 6 зүйл амьтан, 5 зүйл шувуу, ховор 7 зүйл амьтан, 15 зүйлийн шувуу, 1 зүйл хоёр нутагтан, 3 зүйлийн шавж байдаг. 


Тухайлбал, цоохор ирвэс, баданга хүдэр, голын халиу, азийн минж, Монгол бөхөн, Алтайн чацуулин гэсэн нэн ховор амьтантай. Мөн борцгор хотон, Цагаантолгойт ямаан сүүл, бор бүргэд, усны нөмрөг бүргэд, реликт цахлай зэрэг нэн ховор шувуудтай.


Ташрамд, энэ жил Увс аймгийн түүхт 100 жилийн ой тохионо. 

Гэрэл зурагчин Д.Баттулгын дарсан зургуудаас ашиглалаа.

Related news