“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-03-21 15:05:11

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохионо. Тус театрынхан ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгох юм.


Тухайлбал, Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэрээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулж байв. Тус театрынхан энэ 2025 онд эдгээр таван жүжгээ дахин толилуулахаар болжээ.


Ингэхдээ энэ сарын сарын 27-ноос Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтголын ордонд тоглох бол үргэлжлүүлэн дөрөвдүгээр сард Жорж Оруэллийн “1984” постдрамын жүжгээ хүргэх юм. Харин ирэх намрын үзвэрийн жилийн үзвэртээ И.В.Гётегийн “Фауст”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм” постдрамын жүжиг, Жон Патрикийн “Опал” саркастик мелодрам жүжгээ толилуулахаар төлөвлөжээ.

Related news