СҮХБААТАР: Төгсөх ангийн сурагчдад зориулан номын сан байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Орон нутагт хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчин нөхцөлтэй газар хомс байдаг. Тэгвэл дутагдалтай гэх энэхүү орон зайг нөхөх нэгэн шинэ номын санг Сүхбаатар аймагт байгуулж, өнөөдөр нээлээ.
Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан номын сан. Сурагчид хичээлээ давтах, ном унших, ЭЕШ-даа бэлдэх боломжтой. Хүүхэд, залууст хэрэгцээт компьютер, таблет, дэлгэц, мөн интернэтийн асуудлыг нь бүрэн шийдвэрлэсэн байна. Цэвэр тохилог орчинтой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан энэ номын сангаар хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.
Номын санд байгалийн ухааны хичээлээр ЭЕШ-д бэлдэхэд шаардлагатай бүх төрлийн ном, гарын авлага, гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцахад дэмжлэг үзүүлэх номууд бий. Мөн түүх, соёлын болон дүрслэх урлагийн сонирхолтой ном бүтээлүүдээр фондоо бүрдүүлжээ. Цаашид тогтмол номын баяжилт хийж, нэмэлтээр танхимын болон зайны сургалтуудыг хичээллүүлэх ажээ.
Аймгийн нийтийн номын сан дуу чимээ ихтэй, хүйтэн учир тухгүй байдаг. Ихэвчлэн сургуулийнхаа номын санд сууж хичээлээ хийдэг. Гэхдээ яг хэрэгтэй ном байдаггүй, интернэтгүй гээд бэрхшээл бий. Харин энэ бүх асуудлыг шийдсэн, өөрт хэрэгцээт бүх үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой номын сан нээгдсэнд үнэхээр их баяртай байна гэж ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн сурагч Н.Анужин ярилаа.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Г.Мөнхболд хувийн хөрөнгө оруулалтаар номын санг байгуулжээ. Тэрбээр 2017 оноос орон нутгийнхаа боловсролын салбарыг дэмжиж ирсэн бөгөөд ирээдүйн мэргэжлээ сонгохоор бэлтгэж буй сурагчдад зориулж номын сангаа нээсэн. Тал нутгийн хүүхдүүд улсынхаа их, дээд сургуульд цаашлаад дэлхийн шилдэг сургуулиудад элсэн орж суралцах боломжийг бүрдүүлж өгөх нь олон жилийн өмнөөс төлөвлөсөн ажил байсан гэдгийг тэрбээр нээлтийн үгэндээ онцлов.
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийг хөгжлийн хөтөлбөрт хамруулна гэж тусгасан. Энэ хүрээнд хүүхэд залуус руу чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, номын сангийн фондны баяжилтад зориулж таван сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Мөн тус номын санг байгуулснаар орон нутгийн нэг иргэн тогтмол ажлын байртай болсон байна.