“Бишрэлт Металл” олон улсын лигт талбайн эздийг хожсон анхны монгол баг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд аварга “Бишрэлт Металл” баг 2025 оны Азийн аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтдоо ялалт байгууллаа.
Тодруулбал, тус лигийн “А” хэсэгт багтсан тэд Малайзын Куала Лумпур хотод зочилж, “Маба” спортын ордонд талбайн эзэн “Эн Эс Матрикс Дийрс” багийг 98:86-гаар буулган авчээ. Энэ хожил нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд мэргэжлийн дээд лигийн баг олон улсын томоохон лигт эсрэг багийн талбайд зочлон тоглож, хожил байгуулсан анхны тохиолдол болж байна.
Энэхүү тоглолтод Байрон Уэсли 34 оноогоор талбайд гарсан бүх тоглогчийг тэргүүлсэн бол Дэвон Скотт 24, А.Энхбаясгалан 21 оноогоор тусалж, багийнхаа хожилд онцгой хувь нэмэр оруулжээ. Уг тоглолтод “Бишрэлт Металл”-аас багийн ахлагч Т.Ууганбаяр бэлтгэлийн үеэр хамартаа авсан гэмтэл авч өнжсөн бол Н.Мөнхчөдөр хөлийн бэртлээр тоглолтод оролцож чадсангүй. Тэд эх орондоо маргааш ирэх бөгөөд нөгөөдөр плей-оффын хасагдах хагас шигшээ шатны эхний тоглолтоо “АПЭС”-ийн эсрэг хийх юм. Харин Азийн аваргуудын лигийн хүрээнд хэсгийн хоёр дахь тоглолтоо ирэх сарын 5-нд Индонезийн Жакарта хотыг зорьж, тус улсын лигийн аварга "Пелита Жаяа" багтай хийнэ.
Тэгвэл талбайн эздээс таван тоглогч 10-аас дээш оноо авсан ч энэ нь “Металл”-ыг хожиход хангалтгүй байлаа. “Эн Эс Матрикс Дийрс” бол Малайзын дээд лигийн хоёр удаагийн аварга баг бөгөөд Малайзийн шилдэг компаниудын нэг “Матрикс” групп ивээн тэтгэдэг ажээ.