Жеймс Бондын дараагийн ангийг бүтээх продюсерүүдийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 26 /BBC/. Жеймс Бондын тухай киноны дараагийн ангийг Америкийн продюсер Эми Паскаль, Дэвид Хейман нар бүтээнэ гэж “Amazon MGM Studios” компани мэдэгджээ. Тус компани алдарт тагнуулчийн тухай киноны франчайз эрхийг худалдан авснаас хойших анхны бүтээл нь энэ болох юм.
Э.Паскаль нь Английн жүжигчин Том Холланд гол дүрд нь тоглосон “Хүн
аалз” киноны сүүлчийн гурван ангид продюсерээр ажилласан гэдгээрээ үзэгчдэд илүүтэй танигдсан, харин “Харри
Поттер”-ын бүх найман анги дээр ажилласан хүн бол Д.Хейман юм.
“Amazon MGM Studios”-ын кино хариуцсан захирал Куртеней Валенти мягмар гарагт мэдэгдэхдээ, тэд бол “манай салбарын хамгийн туршлагатай, нэр хүндтэй хоёр продюсер” гэж тодорхойлсон байна. Э.Паскаль, Д.Хейман нар хамтарсан мэдэгдэлдээ 007-г “кино урлагийн түүхэн дэх хамгийн гайхалтай дүрүүдийн нэг” хэмээн үнэлжээ.
“Жеймс Бонд”
цуврал дээр удаан хугацааны
турш ажилласан мастерууд болох
Барбара Брокколи, Майкл Жи Уилсон
нар “Amazon MGM Studios”-д эрхээ шилжүүлж байгаагаа хоёрдугаар
сард мэдэгдсэн юм. “Amazon”
компани “Бонд”-ын студийг 2022 онд худалдаж авсныхаа дараа уг
студийг байгуулж байв.
“Бонд”-ын тухай кинонуудыг Америкийн продюсер Альберт “Кубби” Брокколи 1962 оноос бүтээж эхэлсэн бөгөөд хожим нь түүний охин Б.Брокколи, дагавар хүү М.Уилсон нар нь уран бүтээлийг нь үргэлжлүүлэн туурвисан билээ.