Гадаадын оюутнууд Германд олон тэрбумыг авчирдаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН, 2025 оны гуравдугаар сарын 25 /DW/. Германд сурч буй гадаадын оюутнууд үнэ төлбөргүйгээр боловсрол эзэмшдэг хэдий ч тус улсын төсөвт олон тэрбум евро оруулж, эдийн засгийн өсөлтөд тус дэм үзүүлж байгааг Германы Эдийн засгийн хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан судалгааны дүн харуулжээ.
Кёльн хотод
төвтэй тус хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор, зөвхөн 2022 оноос Германд суралцаж эхэлсэн гадаадын 79 мянган оюутан гэхэд өөрсдийн эдэлж буй хөнгөлөлтүүдээс ойролцоогоор 15.5 тэрбум
еврогоор /16.8 тэрбум
ам.доллар/ илүү хэмжээний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх төлөвтэй байна.
Судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлсэн Германы Эрдмийн солилцооны албаны
/DAAD/ ерөнхийлөгч Жойбрато Мукержи хэлэхдээ, гадаадын оюутнууд академийн төдийгүй эдийн засгийн хувьд
олон талын ач холбогдолтой гэдгийг судалгааны дүн харууллаа гэв.
ХБНГУ-д гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр байдаг. Тухайлбал, 2022 онд хийсэн
Эдийн засгийн хамтын ажиллагаа,
хөгжлийн байгууллагын судалгаагаар 2010 онд Германд оюутны визээр ирсэн
хүмүүсийн 45 орчим хувь нь 10 жилийн дараа ч тус улсад үргэлжлүүлэн амьдарсаар байжээ. Тухайн үед
тэд боловсролын зардлаа хэдийн нөхсөн
байсныг Эдийн засгийн хүрээлэн тогтоосон байна. Хэрэв
оюутнуудын 40 хувь нь сургуулиа төгссөний дараа Германд гурван жил оршин суухад тэдний сургалтын
зардал нь татвар, нийгмийн
даатгалын шимтгэлээр төлөгдөнө гэж тус байгууллага тооцжээ.