Д.Трамп: АНУ-д нийлүүлж буй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 27 /CNBC/. АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуулна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр мөн АНУ-д үйлдвэрлэсэн авто машинд ямар ч татвар ногдуулахгүй гэдгийг дурдсан байна.
Шинэ тарифын
талаар Д.Трамп Зууван танхимд гарын үсэг зурсан ерөнхийлөгчийн тунхаглалд тусгажээ. Татвар ногдуулах
шийдвэр дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд “бид дөрөвдүгээр сарын 3-наас татварыг хурааж эхэлнэ” гэж
тэрбээр хэлсэн байна.
Д.Трампын туслах Уилл Шарфын хэлснээр, шинэ татвар нь “хилийн чанадад үйлдвэрлэгдсэн авто машин, хөнгөн
ачааны машинд” хамаарах бөгөөд эдгээр тариф жилд 100 тэрбум гаруй долларын нэмэлт орлого авчрах ажээ.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен шинээр ногдуулж буй тарифыг шүүмжилж, Европын Холбоо “эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ яриа хэлэлцээ хийх замаар шийдлийг
эрэлхийлэх болно” гэж мэдэгдсэн байна.
Д.Трампын
мэдэгдлийн дараа авто машин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш унажээ. Тухайлбал, “Женерал Моторс”, “Стеллантис”, “Форд Мотор” зэрэг
компаниудын хувьцаа ойролцоогоор 5
хувиар унасан байна.
Улс орнуудад харилцан татвар ногдуулах төлөвлөгөөг дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжүүлэхээс өмнө авто машинуудад шинэ татвар ногдуулж магадгүй гэж Д.Трамп өмнө нь сануулж байв. Тэрбээр гадаад худалдааны түншүүддээ өндөр татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсээр ирсэн. Урьдчилан таамаглахын аргагүй, байнга өөрчлөгдөж байдаг түүний бодлого хөрөнгийн зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж, бизнесийн салбарын манлайлагчдад ирээдүйгээ төлөвлөхөд хүндрэл учруулах болжээ.
Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Д.Трамп “чөлөөлөх өдөр”, “чухал өдөр” хэмээн зарлаж байна. Түүний
төлөвлөгөөний талаарх эхний тайлбаруудад
дурдсанаар бол, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулдаг
бүх улс оронд харилцан татвар
ногдуулахаас гадна нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсны хариуд мөн татвар
ногдуулна гэж байв.
Харин дөрөвдүгээр
сарын 2-ноос ногдуулах татварууд
нь анх мэдэгдэж байснаас арай зөөлөн болж магадгүй ажээ. Тухайлбал, Д.Трамп
өнгөрсөн баасан гарагт хэлэхдээ “уян хатан нөхцөл байх боломжтой” гэсэн
байна. Мөн улс орнууд
дөрөвдүгээр сарын 2-ны татвараас зайлсхийхийн тулд
АНУ-тай урьдчилсан байдлаар хэлэлцээ хийх
боломжтой гэж Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.