ЗАВХАН: 11 суманд шар усны үерийн эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймагт шар усны үерийн эрсдэл 8 суманд нэн их, 11 суманд их эрсдэлтэй байна.
Хүнгүйн гол голдирлоосоо хальж, 6 хэсэгт салаалан урсаж, Завханмандал сумын төвийн дээд хэсгийн амралтын газар, мод үржүүлгийн талбай усанд автжээ. Шар усны үер ихэвчлэн орж ирдэг далан барьж бэлтгэсэн байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр сумын төвийн хэсэг, шар усны үерт автсан.
Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид халианы голдирлыг зарим хэсэгт өөрчлөн, 570 м суваг шуудуу ухаж татжээ. Мөн 441м.куб шороо татан 600 гаруй метр далан босгож, нэг айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Цаг агаарын огцом дулааралтай холбоотой шар усны үерийн эрсдэл сумдад их байх төлөвтэй байна. Тиймээс хаврын шар усны үер гуу жалга, сайр, авто зам дагуу урсах эрсдэлтэй байгаа тул орон нутгийн иргэд болон тус бүс нутгаар зорчиж байгаа аялагч, тээвэрчид сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал, амьтны сэг зэм цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул тухайн бүс нутгийн холбогдох байгууллагууд цэвэрлэгээ устгал ариутгал хийхийг Завхан аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
Шар усны үерт автсан байдал
Халиарын голдирлыг өөрчилж байна