Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-27 15:42:03

БОАО, 2025 оны гуравдугаар сарын 27 /Xinhua/. Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Боао хотод өнөөдөр эхэлжээ. Нээлтийн ёслолд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Сюэсян оролцлоо.


2001 оноос хойш зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг дэмжих, Азийн орнуудыг хөгжлийн зорилтод нь ойртуулах зорилготой төрийн бус, ашгийн бус олон улсын байгууллага юм. Гуравдугаар сарын 25-28-ны хооронд үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалт “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх Ази тив: Хамтын ирээдүйн төлөө” сэдвийн дор болж байна.


Дин Сюэсян нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, өнгөрсөн арван жилийн хугацаанд хамтын ирээдүйтэй Азийн хамтын нийгэмлэгийг байгуулахад ихээхэн ахиц дэвшил гарсныг цохон тэмдэглэжээ. Мөн Хятад ба АСЕАН иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг онцолсон байна


Тэрбээр цааш нь хэлэхдээ, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал бэхжиж, дэлхийн эдийн засаг дахь Азийн эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж байна гэв. Дин Сюэсян мөн дэлхийн хэмжээнд тогтворгүй, тодорхойгүй байдал нэмэгдэж байгааг дурдаад, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг даван туулах, Азийн хамтын нийгэмлэгийг байгуулах, Азид төдийгүй дэлхийн бусад орны хувьд илүү сайхан ирээдүйг цогцлоохын төлөө хамтаараа хүчин чармайлт гаргахыг уриалжээ.

 


Related news