БАЯН-ӨЛГИЙ: Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуульд 8 мянга гаруй хүн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-28 08:42:11

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолоор гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан.


Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасны дагуу өнөөдөр орон нутгийн цагаар 15.00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугаргаж аймгийн төв талбайд төрийн болон хувийн хувшлийн 153  байгууллагын 1113 алба хаагч цугларсан бол аймгийн хэмжээнд төрийн алба хаагчид, ард иргэд зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцож 8 мянга гаруй хүн хамрагдлаа.


Аймгийн төв талбайд болсон дадлага сургуулийн цугларалтыг Онцгой байдлын газар зохион байгуулж, үүнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, алба хаагчид, иргэд дохио дуугарсан үед байгууллагуудаасаа гарч байшин барилгагүй нээлттэй талбайд цугларсан бол аймгийн хэмжээний бусад бүх байгууллагын алба хаагчид байгууллагынхаа гадна гарч, аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх, гамшгийн эрсдэлээс хамгаалах суургуулилалт хийсэн бол иргэдийн хувьд гэр, байшингаасаа гарч учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалтад оролцлоо.


Мөн аймгийн Онцгой байдлын газрын мэргэжлийн алба хаагчид албан байгууллагууд болон айл өрхүүдэд гамшгийн эрсдэлийн үед өөрийгөө болон ойр хавийнхнаа хэрхэн аварч ажиллах талаарх заавар зөвлөмжүүдийг хүргэжээ.


Аймгийн төв талбайд болсон цугларалтад Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат хэлсэн үгэндээ, “Энэхүү дадлага сургуулийн гол зорилго бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гамшгийн аюулын зарлан мэдээллийн тухай тогтсон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд сургаж дадлагажуулах зорилготой.

Дадлага сургуулийг өнөөдөр 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна. Хэдий 12 жилийн турш зохион байгуулж байгаа ч байгууллага, иргэдийн дадлага сул байгаа нь харагддаг. Хүмүүс энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын газрын дотоод ажил юм шиг ойлгож, ач холбогдол төдийлөн өгдөггүй талтай. Энэ үйл ажиллагаа бол олон хүнийг нэгэн зэрэг хамарсан томоохон хэмжээний гамшиг, осол болсон үед иргэд өөрийгөө болон бусдыг тухайн гамшгийн голомтоос эрсдэл, хохирол багатай аврах, даван туулж гарах арга, ажиллагаанд сургаж байгаа юм. Гамшиг, ослын тоо, давтамж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар 2030 он гэхэд гамшиг, ослын тоо өнөөдрийн тохиолдлоос 30 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Иймд, бид бүхэн тухайн гамшигт сөрөн тэсвэрлэх чадавхаа байгууллага, өрх, хүн бүр нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээв.

Related news