Сирийн шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК, 2025 оны гуравдугаар сарын 30 /AFP/. Сирийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг тус улсын түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа бямба гарагт танилцуулжээ.
"Бүтээн байгуулалт ба өөрчлөлтийн засгийн газар" гэж нэрлэгдэж буй сайд нарын танхимд олонхын суудлыг аш-Шараагийн хамтран зүтгэгчид эзэлсэн ба нэг эмэгтэй гишүүн багтсан нь Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгч гэдгээрээ алдартай Хинд Кабават ажээ. Христ шашинтнуудын цөөнхийн төлөөлөгч тэрбээр Сирийн Нийгмийн асуудал, хөдөлмөрийн сайдын албыг хашна. Аш-Шараа төрийн эрхэнд гарсны дараа томилогдсон Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нар суудлаа хадгалж үлджээ.
Шинэ засгийн газрын тэргүүлэх чиглэл бол Сирийг "сэргээн босгох", "үндэстний болон иргэн бүрийн эрхийг баталгаажуулсан хүчирхэг, тогтвортой улс" байгуулах, түүнчлэн авлигатай тэмцэх, армийг хөгжүүлэх, эдийн засгаа бэхжүүлэх явдал байх болно гэж Сирийн түр удирдагч онцлон тэмдэглэсэн байна.