“Тэнгэрийн хүү” жүжгийг Будапешт хотын Үндэсний театрт тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотыг зорих гэж байна.
Тодруулбал, тус хотод болох МИТЕМ олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр оролцоно. Энэхүү наадам нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог, хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой ажээ.
Энэ онд Монгол, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Тус жүжгийг Унгарын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 25, 26-нд үзэгчдийн хүртээл болгох юм.
Ташрамд дурдахад, УДЭТ-ын тайзнаа
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг дөрөвдүгээр сарын 4, 5, 6-нд тоглохоор болжээ. Ингэхдээ МИТЕМ буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд
оролцохын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд толилуулж байгаа аж.