Дөрөвдүгээр сард бөхийн өргөөнд долоон барилдаан зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-01 10:32:16

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хуваарийг бөх сонирхогч, олон нийтэд танилцуулдаг уламжлалтай.


Тэгвэл дөрөвдүгээр сарын цувралыг ирэх бямба гарагт сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар эхлүүлэх нь ээ. Түүний маргааш нь буюу энэ сарын 6-ны ням гарагт Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно. Өөрөөр хэлбэл, амралтын хоёр өдөр дараалсан барилдаантай гэсэн үг.


Тэгвэл МҮБХ-ноос үндэсний бөхийн энтертайнмент барилдааныг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн сард “Бест баззер” сугалаат барилдаан болсон бол энэ удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах чансаа өндөр бөхчүүдийн 3х3 багийн халз барилдааныг анх удаа олны хүртээл болгоно. Энэ сарыг хуваарийг хүргэе.


Дөрөвдүгээр сарын 5

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /11:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 6

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 19

“Хамбын бор”, “Урт гарт” хэмээх  Монгол Улсын  хүчит  арслан  М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан /12:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 20

Улаанбаатар хотын аварга  шалгаруулах чансаа өндөр бөхчүүдийн  3х3 багийн халз  барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 26

Нийслэлийн МАН-ын нэрэмжит аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Дөрөвдүгээр сарын 27

Улаанбаатар хотын аварга  шалгаруулах чансаа өндөр бөхчүүдийн  3х3 халз  барилдаан тус тус болно. 


Ташрамд сонирхуулахад, өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнын хүчтэн” дэвжээний нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаанд түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр байлах юм. Тэгвэл энэ сарын 21-нд Завхан аймгийн Баянтэс сумын  шинэ спорт заалны нээлтийн барилдаан зохион байгуулах ажээ. 

Related news